Олон улсын валютын сан (ОУВС)-гийн ажлын хэсгийнхэн өнгөрсөн долоо хоногт Монголд ажиллаж, макро эдийн засгийн нөхцөл байдал, төсөв, санхүүгийн бодлого, зарим хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцан, дараах мэдээллийг гаргажээ. Үүнд уул уурхайн салбарын үйлдвэрлэл эрчимтэй нэмэгдсэний дүнд 2026 оны эхний хагаст Монголын эдийн засгийн идэвхжил хүлээлтээс давж 7.7 хувиар өссөн. Зэс, нүүрсний үнэ өндөр байсан нь гадаад сектор болон төсвийн гүйцэтгэлийг сайжруулж, есдүгээр сарын эцсийн байдлаар валютын нөөц 8.9 тэрбум ам.долларт хүрэв. Гэсэн ч нийлүүлэлт тасалдсантай холбоотойгоор шатахууны үнэ өсөж, улмаар хүнсний бүтээгдэхүүний ханш ч чангарч, есдүгээр сард инфляц 12.9 хувьд хүрч, Монголбанкны зорилтот түвшнээс хол давлаа. Цаашид ч нийлүүлэлтийн хомсдолоос шалтгаалж эдийн засаг эмзэг хэвээр байх төлөвтэй. Түүнчлэн 2027 оны төсвийн төсөлд татварыг их хэмжээгээр бууруулах, нийгмийн хөтөлбөрүүдийг өргөжүүлэх, төрийн албан хаагчдын цалин болон тэтгэврийг нэмэх, хөрөнгө оруулалтыг өсгөх зэргээр төсвийг тэлэх бодлого тусгажээ. Төсвийн нэмэлт зардлын дийлэнхийг төрийн өмчит аж ахуйн нэгжүүд болон “Оюутолгой” компаниас төвлөрүүлэх нэг удаагийн ногдол ашгаар санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. Төсөв ийн тэлснээр алдагдал болон өрийн түвшнийг нэмэх, инфляцыг өсгөх магадлалтай. Тиймээс татварыг бууруулахаар санал болгож буй багцыг дахин авч үзэх, уул уурхайн бус салбарын татварыг цаашид бууруулах хүсэлтүүдийг хязгаарлах, Монголбанкны бие даасан байдлыг бэхжүүлэх, Төвбанкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг эцэслэн боловсруулах шаардлагатай. Мөн бие даасан, хариуцлагатай, үр дүнтэй Төвбанкны суурийг тавихад анхаарах зэргийг ОУВС-гийн онцолжээ.
С.Цэрэн