Эпилепси буюу унаж татах өвчин сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай болж байгааг Монголын неврологийн холбооныхон хэллээ. Энэ өвчлөлд ихэнхдээ хүүхэд, багачууд өртөх нь их аж.
Харин тэднийг нийгмээс хөгжлийн бэрхшээлтэй хэмээн шууд тусгаарлах нь цөөнгүй байна. Тэд энэ өвчнөөсөө болж өөрсдийгөө нийгмээс тусгаарлах, нийгэм ч ийм өвчтэй хүмүүсээс зайгаа барих нь элбэг учраас хэрхэн эмчлэх, урьдчилан сэргийлэх зэрэг ойлголт дутмаг байгааг мэргэжилтнүүд онцоллоо.
Өнөөдөр гудамжинд хэвтэх хүнийг бид “согтуу хүн” хэмээн ихэнх тохиолдолд ойлгож, тойрон явах тохиолдол бий. Гэвч эпилепси өвчтэй хүн хэзээ ч, хаана ч унасан байж болох юм. Таталт нь янз бүрээр явагддаг бөгөөд урт, богино хугацаагаар таталт өгдөг. Ийм үед яаралтай тусламж хүргээгүйгээс болж, амиа алдах тохиолдол ч бий гэнэ.
Дэлхий даяар эпилепсийн талаар олон нийтийн анхан шатны мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой “Нил ягаан өдөр” хэмээх олон улсын арга хэмжээ зохион байгуулдаг. Жил бүрийн гуравдугаар сарын 26-нд дэлхийн улс орны ард иргэд эпилепсийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой нил ягаан өнгийн хувцас өмсөн, энэ өвчний тухай хүмүүст мэдээлэл өгдөг байна.
Энэ сарын 26-нд манай улс ч мөн энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх юм. Үйл ажиллагаанд Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын бага, дунд, ахлах ангийн сурагчид оролцоно.
Сонгинохайрхан дүүргийн ЭМ-ийн төвийн хүүхдийн мэргэжилтэн Ц.Бүтэмж
”Сонгинохайрхан дүүргийн ЭМ-ийн төв тус дүүргийн 300810 хүн ам, үүнээс 0-16 насны 76800 хүүхдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Өдөрлөгийн хүрээнд унаж, таталт өгдөг хүүхдүүдэд тулгамдаж байгаа асуудлыг авч хэлэлцэнэ. Тэдгээр хүүхдүүд өвчний улмаас сургууль цэцэрлэгээс завсардаж, сурч боловсрох эрх нь алдагдаж байна. Үүний шалтгаан нь нэг талаас эцэг эхчүүд хүүхдээ унаж татаад байна гээд сургуулиас нь гаргачихдаг, нөгөө талаас багш, сурагчид хүүхдийг ойлгохгүй гадуурхдаг. Манай дүүргийн хэмжээнд ийм өвчтэй 100 гаруй хүүхэд бий” гэлээ.
Хүний их эмч Б.Чойням:
- Эпилепси буюу унаж татах өвчин ямар шинж, тэмдэгээр илрэх вэ. хэрхэн оношлох уу?
-Энэ өвчин нь уналт, таталт илэрсэн хойно л оношлогддог. Унах татах өвчин нь уураг тархины гаралтай учир сэтгэцийн эмгэгт оруулахаа больж, мэдрэлийн эмгэгт оруулдаг болсон. Өвчнийг тархины бичлэгээр илрүүлэх боломжтой.
-Унаж татах өвчнөөр өвчлөх шалтгаан юу юм бол. Удамшил уу, гадны ямар нэгэн нөлөөллөөс болдог уу?
- Өвчлөлийн 65 хувь нь шалтгаан нь тодорхойгүй байдаг. Үлдсэн хувь нь гэмтэл, удамшил зэрэг шалтгаантай.
-Эмчилгээг хэрхэн хийдэг вэ?
-Хүмүүсийн нэг алдаа бий. Нэг эмч дээр очоод эмчилгээ бичүүлж авдаг. Эмийг нэг, хоёр уугаад эдгэхгүй. Тууштай эмчилгээ хэрэгтэй. Харин хүмүүс эмийг хэдэн удаа уугаад л больчихдог. Энэ бол буруу юм.
М.Болорцэцэг