Их, дээд сургууль, коллежид элсэн суралцах хүсэлтэй сурагчдыг өчигдрөөс бүртгэж эхэллээ. Бүртгэл дөрөвдүгээр сарын 25-ны 18.00 цагт дуусна. Бүртгүүлсэн хүмүүсээс БШУ-ы сайдын 2013 оны гуравдугаар сарын 18-ны А/79 тоот тушаалаар баталсан Оюутан элсүүлэх журам болон холбогдох бусад эрх зүйн актын дагуу элсэлтийн ерөнхий шалгалт авах юм.
Энэ хавар ерөнхий боловсролын сургууль төгсөн, бүрэн дунд боловсрол эзэмших сурагч, 2016 оноос өмнө бүрэн дунд боловсрол эзэмшсэн болон түүнээс дээш боловсролтой иргэд энэхүү шалгалтыг өгөх эрхтэй.
Бүртгүүлсэн шалгуулагчаас Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу монгол хэл, бичгийн шалгалт заавал авна.
Ерөнхий боловсролын сургууль төгсөгч болон их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролыг дээшлүүлэх зорилгоор авч буй энэ шалгалтад тэнцсэн элсэгч л оюутан болох эрх авахаар элсэлтийн ерөнхий шалгалтад орно.
Монгол хэл, бичгийн шалгалтын дүн, оноог бичсэн батламж хуудсыг хүн бүрт өгнө. Энэ батламж хуудас нь хоёр жил зургаан сарын хугацаанд хүчинтэй байна.
Өнөө жилийн элсэлтийн ерөнхий шалгалтыг БСШУЯ, Боловсролын үнэлгээний төв хамтран зургадугаар сард зохион байгуулахаар товложээ.
Уг шалгалтын журам болон монгол хэл, бичгийн шалгалтын талаар Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn цахим хуудсаас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
Б.БАЙГАЛ