Улс төрийн намуудын нэгдэх, хамтрах үйл явц энэ сард эрс идэвхжив. Өөрчлөн баталсан Сонгуулийн хууль гуравдагч хүчнүүдийг хоорондоо, эсвэл АН, МАН-ын аль нэгнийх нь далбаан дор шургалахаас аргагүй нөхцөл үүсгээд буй учраас тэр.
Сонгууль холимог системээр болох ч мажоритар буюу тойргийн хувилбарын үр дүн ноёлно. Пропорциональ систем дотроо намуудад тогтоосон нийт сонгогчийн таван хувиас багагүй санал авах босго бол ердөө бэлгэдэл.
Учир нь энэ босгыг давсан ч тойргоос нэг ч хүн сонгогдоогүй л бол “Баяртай” болох юм. Тухайн намын нийт сонгогчоос авсан саналыг таваас дээш хувийн босгоо хангасан бусдад нь тэнцүүхэн хуваагаад өгчихнө.
Нөгөө талаар тойргоос нэг суудал авсан ч тухайн нам таван хувийн босгоо давж чадаагүй бол жагсаалтаар хүн гарч ирэхгүй. Жагсаалтаар авсан саналыг нь мөн л таван хувийн босгоо давсан бусад намд тэнцүү хувааж олгоно.
Нөхцөл ийм хатуу, боломж бага болсон учраас гуравдагч хүчний намууд нэгдэх, хамтрах талаар “эрэл хайгуул” хэдийнэ хийж, түрүүчээсээ санамж бичиг байгуулж эхэлжээ.
АЛЬ Ч ТАЛДАА АШИГТАЙ ХУВИЛБАР
Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлөөс үзэл баримтлал, зорилго нэгтэй МҮАН, ИЗНН-тай нэгдэх шийдвэрийг зүгээр ч нэг гаргаагүй нь мэдээж. Н.Энхбаяр “цэргүүдээ” аваад Засгийн газраас гарлаа гэхэд Ч.Сайханбилэгийн танхимыг бүрэн эрхийн хугацаа дуустал нь тогтвортой байлгахын тулд МҮАН, ИЗНН-ын ирц тэдэнд хэрэгтэй. Н.Энхбаяр тийм алхам хийхгүй байлаа ч ирэх сонгуулиар хүчээ зузаатгах нь Ардчилсан намд чухал. Нөгөө талаас энэ хоёр намд ч АН хэрэгтэй.
АН-аас салаалсан, тэдэнтэй үзэл баримтлал нэгтэй явсан хоёр жижиг намд Сонгуулийн шинэ хууль ялгаагүй хатуурхана. ИЗНН-ын хувьд 2012 оны сонгуулиар пропорциональ тогтолцоон дахь таван хувийн босгоо давж, УИХ-д хоёр суудалтай болсон бол энэ удаа ийм боломж дахин тохиохгүй.
Ганцдахгүй дайчин С.Оюуныг дахин сонгоно гэж шууд найдах ч хэцүү. МҮАН хэдийгээр танигдсан улстөрч олонтой ч эрсдэлтэй алхам хийж зүрхлэхгүй.
Нэгдэх үү, эвсэх үү гэдэг эцсийн шийдвэрээ намууд санал хураалт болохоос 60 хоногийн өмнө буюу ирэх дөрөвдүгээр сарын 29-ний дотор гаргах ёстой. Юмыг яаж мэдэх вэ гээд ИЗНН ч, МҮАН ч бусад намтай яриа хэлэлцээ хийж, байдлыг түншиж буй ч эцсийн сонголт нь АН л байх болов уу.
Учир нь энэ бол ардчиллын төлөөх үзэл баримтлал нэг намуудын хэн хэнд нь ашигтай хувилбар.
Н.ЭНХБАЯРЫН САЛАА ШИЙДЭЛ
МАХН-ынхан “төрсөн эх” болох МАН-тайгаа нэгдэх талаар яриа хэлэлцээ нэлээд хэдэн сарын өмнөөс хийсэн. АН, МҮАН-ын яг адил намууд учраас гайхах хүн гараагүй. Энэ бол Н.Энхбаярын хувьд нэг хувилбар. Харин таамагт байгаагүй алхмыг тэрбээр шинийн нэгний өглөө хийжээ.
Түүний салаа сонголт нь Монголын ногоон нам аж. Сонгуулийн хуульд намуудыг Дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар саналын хуудсанд бичих заалт орсон. Хэрэв МАХН дангаар сонгуульд оролцвол 18 дугаарт бичигдэнэ. МАН-тай нэгдвэл мэдээж нэг рүү “жаална”. Гэхдээ нэлээд асуудал болж салсан хоёр нам тийм ч амархан буцаад нэгдэхгүй. Тиймээс “нөөц төлөвлөгөө” хэрэгтэй биз.
Тэр нь Дээд шүүхэд гуравдугаарт бүртгэгдсэн МНН. Тэднийг эгнээндээ нэгтгэчихвэл МАХН саналын хуудасны гуравдугаарт бичигдэнэ. Шинийн нэгний өглөө энэ хоёр намын дарга мэнд мэдэн золгох зууртаа хамтын ажиллагаагаа сэргээх тухай санамж бичигт гарын үсэг зурсан байна. 2011 онд тэд жилийн хугацаанд хамтран ажиллах санамж бичиг байгуулж байсан түүхтэй.
Үүний үр дүн гарсан гэж үзэж буй учир “гэнэт” л хуучнаа сэргээе гэж шийдсэн гэнэ. Хоёр талаас сонгуульд хамтрах боломж бий эсэхийг судлах ажлын хэсэг байгуулжээ. МНН-ын дарга О.Бум-Ялагчаас энэ талаар тодруулахад “2015 онд болсон Бага хурлаараа манай нам сонгуульд бусадтай эвсэхгүй, дангаараа орно гэж шийдсэн.
Сонгуулийн тухай хуулиас:
85 дугаар зүйл. Саналын хуудаст нам, эвсэл, нэр дэвшигчийн нэрийг бичих дараалал
85.1.1 Намыг Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн он, сар, өдрийг баримтлан тухайн нам, түүний нэр дэвшигч гэсэн дарааллаар, эвслийг эвслийн бүрэлдэхүүнд орсон намуудын эхэлж Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар бичнэ.
134 дүгээр зүйл. Сонгуулийн нэгдсэн дүн гаргах, суудал хуваарилах, мэдээлэх
134.1.1.нам, эвсэл тус бүрийн авсан нийт саналын тоог гаргаж, бүх нам, эвслийн авсан нийт саналын таваас доошгүй хувийн санал авсан бөгөөд олонхийн сонгуулиар нэгээс доошгүй суудал авсан нам, эвслийг авсан саналын хувиар нь дараалалд оруулан жагсаалт /цаашид “Б” жагсаалт” гэх/-ыг гаргах;
134.1.2 энэ хуулийн 134.1.1-д заасан таван хувийн босгыг даваагүй, олонхийн сонгуулиар нэгээс доошгүй суудал авсан нам, эвслийн авсан нийт саналын хувийг “Б” жагсаалтад орсон нам, эвсэл тус бүрийн авсан саналын хувь дээр хувь тэнцүүлэн нэмж тооцох
Гэвч Сонгуулийн хуулиар зөвхөн тойргоос сонгогдож байж жагсаалтаа эрэмбэлэхээр болчихлоо. Бид бүх намтай яриа хэлэлцээ хийнэ. 2000 онд ИЗНН-тай хамтарч байсан.
2001-2011 онд АН-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-ыг дэмжих санамж бичиг байгуулсан. Үүнийхээ үр дүнг шинийн 15-ны дотор дүгнэнэ” гэлээ. МАХН бол тэдний хувьд бас нэг хувилбар аж.
Н.Энхбаяр бол салаа сонголтынхоо алийг ч хийсэн өөртөө ашигтай байлгаж чадах эрхэм. Монгол төрийн бүх өндөр албан тушаалыг хашиж, өгсөж, уруудаж үзсэн хашир бурхи өөр намд зүгээр нэг уусчихгүй нь мэдээж.
МАН-ыг сонголоо ч тэр бүдгэрэхгүй байх нөхцөл, болзол тавих биз. Харин эсрэгээр хоёр дахь хувилбарыг сонгож, МНН тэргүүтэй намыг эгнээндээ нэгтгэвэл 2012 оны амжилтаа давтахгүй гэх газаргүй.
Юутай ч АН, МАН-ынхны хамтарч баталсан, замаа зассан Сонгуулийн хуулийн дагуу ихэнх гуравдагч хүчнийхэн “хураагдах” нь тодорхой болж байна. Эдүгээ Дээд шүүхэд бүртгэлтэй 20 гаруй нам бий.
Тэднээс сонгууль болохоор сэрдэг нь 10 гаруйхан. Ихэнх нь хоорондоо эвсэж, нэгдэх замаар хүч үздэг ч амжилт олж байсан түүх тун бага. Тиймээс энэ удаа сураггүй, суудал авч үзээгүй хэдэн нам хоорондоо нэгдээд нэг их хол явахгүй. Хүссэн, хүсээгүй дээрх хоёр “ахынхаа” далбаан дор жагсах биз ээ.
Н.Энхбаяр ямар сонголт хийхээс хамаараад сонгууль хоёр, эсвэл гурван намын дунд өрнөх дүр зураг гарна. Цаасан дээр бүртгэлтэйгээс цаашгүй, үүрэг гавьяа багатай ч амбийц ихтэй олон нам байснаас нэгдэж, цэгцрэх нь мэдээж зөв.
Тэднийг цэгцлэх нэг гол хөшүүрэг болж буй нь Сонгуулийн хуулийн давуу тал гэхээс яах билээ. Хэн хэнийг сонгох нь удахгүй тодорхой болно.
С.ТУУЛ