УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтийг өчигдөр 09.00 цагт товлосон ч МАН болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд нэгдсэн хуралдааны танхимд орж ирээгүй тул ирц бүрдэхгүй байсаар болсонгүй. 12.00 цагийн байдлаар АН-ын 26, эвслийн хоёр, ИЗНН-ын нэг, бие даагч нэг гишүүн бүртгүүлсэн байв.
Ардын намынхан бүлгийн даргын өрөөндөө золгож, “Шударга ёс” эвслийнхэн МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдаар томилуулах гэж шантаажилж байна гэхчлэн ирц бүрдэхгүй буй талаар тайлбарлаж байсан.
Үүнтэй холбоотойгоор МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа нар мэдээлэл хийж, ээлжит бус чуулган шаардлагагүй гээд эрх баригч намууд гишүүдийнхээ ирцийг бүрдүүлж байж ээлжит бус чуулганыг эхлүүлэх ёстой хэмээн мэдэгдэв. Бүлгийн дарга С.Бямбацогт “Намрын чуулган дөрвөн сар үргэлжлэхдээ 24 асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс 11-ийг нь хэлэлцсэн.
Ээлжит бус чуулганы 14 хоногийн хугацаанд 24 асуудал хэлэлцэх нь. Томоохон хуулиудыг богино хугацаанд “халтуурдах” байдлаар батлах нь улс орон болон ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө. Ирц бүрдүүлэхийн тулд зөвшөөрөлгүй, эсвэл мессежээр зөвшөөрөл авсан болж гишүүдийн картыг нь ашиглаж байна.
Энэ бол УИХ-ын гишүүний бүрэн эрхэнд халдаж буй үйлдэл. Гишүүн өөрийн биеэр ирж ирцээ бүртгүүлэх ёстой. Эрх барьж байгаа нам эрхээ эдэлж байгаа бол үүргээ биелүүлэх хэрэгтэй. Ирц бүрдээд ээлжит бус чуулган эхлээд явбал бид оролцоно” гэсэн юм. МАН-ын бүлгийн даргын хэлснээр 26 гишүүний 22 нь хотод буй гэнэ.
Тэрбээр энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдад нэр дэвшүүлбэл дэмжих үү гэсэн сэтгүүлчийн асуултад “Шадар сайдыг оруулж ирэх нь эрх барьж байгаа АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн асуудал.
Эрх баригч намууд ойлголцож зөвшилцөөд Шадар сайдад хэнийг нэр дэвшүүлнэ, түүнийг нь дэмжинэ. Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигчийг мөн дэмжинэ. МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдаар оруулж ирвэл МАН-ын бүлэг татгалзаад байх зүйлгүй. Хэрэв оруулаад ирвэл бид дэмжээд явна” гэж хариуллаа.
Юутай ч АН болон МАН-ын бүлгийн дарга нар уулзаж, дараа нь АН-ын бүлгийнхэн намын даргынхаа өрөөнд хаалттай хуралдсан ч тусыг эс олов бололтой.
Б.УРАН