Энэ онд нийслэлийн аялал жуулчлалын салбарт 3.6 тэрбум төгрөг төсөвлөж, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн долоон үндсэн зорилтын хүрээнд 25 багц ажил хэрэгжүүлэх талаар нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл, нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга нар өчигдөр мэдээллээ.
Улаанбаатар хотын хэмжээнд энэ жил аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд зочид буудлын стандартыг шинэчлэх болжээ. Нийслэлийн албан татварын тухай хуулийг баталсантай холбогдуулан жуулчдын тоог ор, хоногоор тооцох аргачлалд шилжүүлэх, үйлчилгээний газруудын байршлын мэдээллийг google map-д оруулах гэнэ.
Мөн олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн, яармагуудад Улаанбаатар хотыг сурталчлан оролцох, жуулчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор иргэний харьяалал харгалзахгүй үзүүлэх нөхцөлийг нийслэл, дүүргийн эмнэлгүүдэд бүрдүүлэх, бүх төрлийн үйлчилгээнд найрсаг харилцаа, хандлага төлөвшүүлэх сургалт зохион байгуулж, үйлчилгээний 2000 ажилтныг мэргэшүүлэх ажил хийхээр болсон байна.
Мөн жуулчдыг татах зорилгоор “Даншиг наадам-Хүрээ цам”, сонгодог урлагийн үдэш болон “Морин хуур”, “Талын бүжиг” зэрэг цуврал наадам, бүх нийтийн гүйлт зэрэг олон нийтийг хамарсан урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах аж.
Өнгөрсөн онд манай улсад 386.2 мянган жуулчин ирсэн. Энэ нь өмнөх таван жилтэй харьцуулахад нэлээд буурсан үзүүлэлт юм. Сүүлийн зургаан жилийн хугацаанд 2012 онд хамгийн олон буюу 475.8 мянган жуулчин манайд иржээ.
Нийслэлийн ЗДТГ-ын батлан хэрэгжүүлж буй “Найрсан Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2020 онд нийслэлд хоёр сая жуулчин хүлээж авах зорилттой ажиллаж байгаа аж.
Сүүлийн жилүүдэд манай оронд аялсан жуулчдын талаарх мэдээллийг инфографикт харууллаа.
Э.НАМУУН