Билгийн тооллын сар шинийн баярыг монголчууд “Малчдын баяр” хэмээн нэрлэж, өвлийг өнтэй давж, урин хавартай золгосноо хүндлэн тэмдэглэдэг уламжлалтай. Энэхүү баярын өмнө Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн яам хамтран Улсын сайн малчин, Улсын тэргүүний тариаланчийг шалгаруулан шагнаж урамшуулдаг. Энэ жил Монгол улс түүхэндээ хамгийн олон төл хүлээн авч нийт мал сүрэг маань 56 саяд хүрсэн. Уг өсөлтийг дагаад сайн малчдын тоо ч нэмэгдсэн. Энэ жил 118 малчныг Улсын сайн малчнаар, гурван иргэн, нэг хоршоог Улсын тэргүүний фермерээр шалгаруулсан. Мөн тариалангийн салбарт гаргасан амжилт, орон нутгаа хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, ажлын амжилтаараа тэргүүлсэн 12 аж ахуйн нэгжийг Улсын тэргүүний тариаланч хамт олноор, 21 ногоочин, механикжуулагчийг Улсын тэргүүний тариаланчаар тодруулсан билээ.
Сар шинийн өмнөхөн ХХАА-н сайд Р.Бурмаа тэргүүтэй албаны хүмүүс Дорнод, Төв аймагт ажиллаж, Улсын сайн малчны эрхэм хүндтэй шагналыг нь гардуулан өгсөн юм. Наран ургах Дорнод аймгаас энэ жил дөрвөн сайн малчин төрсөн. Тэдний нэг болох Дорнод аймгийн Баянтүмэн сумын малчин С.Сүхбаатар болон түүний гэргий Х.Мөнхтуяа нар 30-аад жил мал маллаж байгаа. Тэднийх өнгөрсөн онд 1200 орчим толгой мал тоолуулсан бөгөөд Баяндэлгэрийн ямаа, барга хонь, сементал үүлдрийн үхэр гээд аймгийнхаа малын үүлдэр угсааг сайжруулах мөн нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэнээрээ Улсын сайн малчин хэмээх хүндтэй шагналын эзэд болж чаджээ. Энэ үеэр шинэхэн сайн малчин маань “Малчны ажил бол эхнэр, нөхөр хоёрын хамтын хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүн байдаг. Үүнийг засаг төрөөс ойлгож гэр бүлийн эхнэр, нөхөр хоёуланд цол, тэмдгийг олгож байгаа нь маш сайшаалтай юм. Ер нь бол мал маллахад тооноос илүү чанарыг эрхэмлэх хэрэгтэй. Мөн малчин хүн байгалийн давагдашгүй хүчин зүйлийг туулаад гарах сэтгэлийн их тэнхээтэй байх нь чухал” хэмээн ярьж байлаа. Түүнчлэн сумынхаа 15 өрх айлд 800 орчим толгой мал өгч малжуулаад байгаа бөгөөд малынхаа үүлдэр угсааг сайжруулж малаа эдийн засгийн эргэлтэнд оруулах, вакцин болон даатгалд байнга хамруулж байх хэрэгтэй хэмээн тэдэнд захидаг тухайгаа малчин С.Сүхбаатар ярьж байлаа. Энэ бол салбарын яамнаас баримтлах гол бодлого юм гэдгийг ХХАА-н сайд Р.Бурмаа энэ үеэр онцолж байсан юм.
Дорнод аймгаас төрсөн бас нэгэн Улсын сайн малчин бол Дашбалбар сумын малчин С.Батцэрэнгийнх. Тэдний өвөлжөө УБ хотоос 810 км зайтай. Сүүлийн 36 жилийн турш мал аж ахуй эрхлэн байгаа тэд төл малаа хорогдолгүй хүлээн авч, малын сүргийн бүтэц чанарыг тогтмол сайжруулахын зэрэгцээ мал сүргээ эрүүлжүүлэх, халдварт болон паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч ирсэн, Эрүүл мал эмнэлэгтэй гэрээтэй ажилладаг учраас мал сүрэгт нь халдварт өвчин гараагүй, малын зүй бус хорогдолгүй байгаа юм байна. Тэрбээр 1999 онд Мянгат малчин, 2012 онд Аймгийн сайн малчинаар шалгарч байсан бөгөөд 2015 онд 2289 толгой мал тоолуулжээ. Дашбалбар сум нь Мал эмнэлэг, эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран олон жилийн туршид ардын селекцийн аргаар үржүүлж ирсэн Буриад нутгийн хонины үржил, ашиг шимийн байдлыг судлан тогтоож, омог болгон баталгаажуулах ажлыг 2012-2015 онд явуулж, 2015 онд Буриад хонины омгийг баталжуулсан. Омог болгон баталгаажуулах ажлын хүрээнд буриад хонины цөм суурь нь С.Батцэрэн гуайнд байсан бөгөөд тэдний хонин сүргийн 70 гаруй буюу 1100 нь буриад омгийн хонь байгаа юм байна. Цаашид буриад омгийн хонийг түгээн дэлгэрүүлэх, цөм сүргийг бүрдүүлэх ажилд идэвх санаачилгатай ажиллах болно гэдгээ Улсын сайн малчин маань хэлж байлаа.