Монгол Улсын Уул уурхайн яам, Япон Улсын Эдийн засаг, үйлдвэр худалдааны яам хамтран нүүрсийг хуурай аргаар баяжуулах технологийг 2013 оноос Монгол Улсад нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсон.
Төслийг хэрэгжүүлэх хүрээнд “Эрдэнэс Таван Толгой” ХХК (ЭТТ) болон Японы “Нагата Инженеринг” ХХК нарын хооронд 2013 оны 8-р сарын 13-нд санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн дагуу талууд судалгаа, шинжилгээ, туршилтын ажлууд хийсэн бөгөөд тэдгээрийн үр дүнд үндэслэн туршилтын үйлдвэр байгуулах боломжтой гэж дүгнэсэн.
Үүний дагуу төслийн дараагийн үе шат болох туршилтын үйлдвэрийг Монгол Улсад барьж байгуулах тухай “Санамж бичиг”-ийг Уул уурхайн яам, Японы Шинэ эрчим хүч, аж үйлдвэрийн технологийн байгууллагын хооронд байгуулсан байна.
Жилийн 300 мянган тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай туршилтын үйлдвэрийн технологи нь 10-35 мм ширхэглэглэлтэй нүүрсийг “Fluidized bed separator” /FBS/ төхөөрөмжөөр, 0.5-10 мм ширхэглэглэлтэй нүүрсийг “Air table” /AT/ төхөөрөмжөөр баяжуулах юм.
Энэхүү технологи үйлдвэрлэлд нэвтэрснээр усны нөөц хомс говийн бүсэд олон улсын жишигт нийцсэн, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой нүүрс баяжуулах шинэ технологийг эзэмших боломж бүрдэх юм.