Уул уурхайн яам Японы Шинэ эрчим хүч, аж үйлдвэрийн технологийн байгууллагатай хамтран нүүрсийг хуурай аргаар баяжуулах туршилтын үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт өчигдөр гарын үсэг зурав.
Мөн энэ үеэр “Эрдэнэс Монгол” болон Японы “Нагата инженеринг” компанийн төлөөлөл төслийг гүйцэтгэх гэрээ байгуулсан юм.
“Эрдэнэс Тавантолгой”, Японы “Нагата инженеринг” компани 2013 оны наймдугаар сард Тавантолгойн ордод хуурай аргын технологиор нүүрс баяжуулах үйлдвэр байгуулах санамж бичиг байгуулан, судалгаагаа эхлүүлж байсан.
Хоёр жилийн судалгаа шинжилгээний үндсэн дээр туршилтын үйлдвэр байгуулах боломжтой гэж тэд үзжээ. Тус үйлдвэр жилд 300 мянган тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай байх аж. Төсөл хэрэгжүүлэх нийт зардал 11 орчим сая ам.доллар байх урьдчилсан тооцоо гаргасан байна.
Хоёр тал туршилтын үйлдвэрээ 2018 оны эхний улиралд багтаан ашиглалтад оруулахаар тохирчээ. Хуурай аргаар нүүрс баяжуулахад элс хэрэглэнэ.
Тиймээс байгаль орчинд ээлтэй, усны нөөц хомс говийн бүсэд тохирсон технологи гэж үзэж буй аж. Туршилтын үйлдвэр ажиллуулснаар хуурай аргаар нүүрс баяжуулах үйлдвэрийн технологийн нарийвчлал, хүчин чадлыг тодорхойлох юм байна.
Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Монголын талаас Уул уурхайн сайд Р.Жигжид, Япон улсаас Монгол Улсад суух Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү нар оролцож үг хэллээ.
Т.ЭНХБАТ