ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үдийг зорих монголчуудын цуваа тасрахгүй байгаа. Үүнийг дагаад монголчууд гэмт халдлагад өртөх нь цөөнгүй. Улаан-Үдээс дөрвөн км зайд, хээр машиндаа хонож байсан монголчуудыг дээрэмдсэн хэрэг даваагаас мягмар гаригт шилжих шөнийн 03.00 цагийн үед гарчээ.
Тодруулбал, 25-30 насны залуус гэр бүлийн хоёрыг ангийн болон гар буу тулган сүрдүүлж, нүд рүү нь цохин, 80 мянган рублийг нь дээрэмдсэн байна.
Энэ талаар Гадаад хэргийн яамны Консулын газрын дарга Б.Болдоос тодруулахад “Монгол Улсаас Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газраас мэдээлэл ирүүлсэн. Одоогоор аль улсын иргэд дээрэм хийсэн нь тодорхойгүй байна.
Маргааш (өнөөдөр) тодорхой мэдээлэл ирэх байх. Цагдаагийнхан дээрэмчдийг илрүүлэхээр шуурхай ажиллаж байгаа” гэв. Гэр бүлийн хоёр “Тоёота Алпард” маркийн машинтай явж байсан бөгөөд тэднээс мэдүүлэг авч буй гэнэ.
Зарим эх сурвалжийн мэдээлснээр дээрэмчид цагаан өнгийн машинд суун зугтсан бөгөөд Улаан-Үд рүү явсан байж магадгүй аж.
Ч.ТУЯА