УИХ-ын ээлжит бус чуулганы нээлт маргааш болох нь. Ээлжит бус чуулганы гацааг арилгах талаар ярилцахаар өчигдөр өглөө УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж ийн шийдвэрлэжээ.
УИХ-ын мэдээллийн албан ёсны хуудсанд тавьсан Байнгын хороо болон нэгдсэн хуралдааны хуваарь ёсоор пүрэв гаригийн өглөө 09.00 цагт чуулганыг нээж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаарх Улсын дээд шүүхийн саналыг үргэлжлүүлэн хэлэлцэж, хэд хэдэн Байнгын хороо хуралдах юм.
Гэвч энэ дагуу ээлжит бус чуулганыг нээх, эсэх нь бас эргэлзээтэй. УИХ-ын дарга З.Энхболдын өнгөрөгч баасан гаригт гаргасан захирамж ёсоор энэ долоо хоногийн эхнээс ирэх долоо хоногийн ажлын өдрүүдийг дуустал хуралдахаар төлөвлөсөн ээлжит бус чуулганыг нээж чадахгүй буй нь учиртай.
МАН-ынхан ээлжит бус чуулган шаардлагагүй гэж үзэн, олонх ирцээ бүрдүүлсэн тохиолдолд УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулахгүй гэж мэдэгдсэн бол “Шударга ёс” эвслийнхэн “МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдад нэр дэвшүүлбэл” гэсэн болзол тавин бойкотолж буй.
АН-ын бүлгийн бүх гишүүнийг ИЗНН-ын хоёртой хамтатгасан ч чуулганыг нээхэд шаардлагатай 50-иас дээш хувийн ирц бүрдэхгүй байгаа юм. Одоо хоёрхон гишүүн нэмж бүртгэвэл ирц бүрдэх ч өнгөрөгч даваа гаригт танхимд бие даагч хоёроос нэг нь л хүрэлцэн ирсэн билээ.
С.БЯМБАЦОГТ: ЭРХ БАРИГЧИД ИРЦЭЭ БҮРДҮҮЛЧИХВЭЛ УИХ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦООД ЯВНА
Ээлжит бус чуулганы нээлтийг хойшлуулсантай холбогдуулан АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар болон МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нараас зарим зүйл тодрууллаа. МАН-ын бүлэг өчигдөр ээлжит бусаар хуралдсан юм.
-Бүлгийн хуралдаанаар ямар асуудал хэлэлцэв?
-Ээлжит бус чуулганы нээлтийг пүрэв гаригт хийх болсонтой холбоотойгоор гишүүдэд мэдээлэл хийлээ.
-Нээлтэд МАН-ын бүлгийн гишүүд оролцох уу?
-Бидний байр суурь тодорхой байгаа. Олон суудал авсан улс төрийн хүчин гишүүдийнхээ ирцийг бүрдүүлж, хариуцлагаа хүлээх ёстой. Зөвхөн эрхээ эдэлдэг байх ёсгүй. УИХ-ын дарга, сайд нарыг томилох зэрэг асуудалд эрх баригчдын ирц дандаа 100 хувь байсаар ирсэн. Эрх баригчид ирцээ бүрдүүлчихвэл МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын үйл ажиллагаанд оролцоод явна.
-Ээлжит бус чуулган товлосон хугацаандаа нээлтээ хийж чадаагүйн хариуцлагыг та бүхэн хүлээх үү?
-Хариуцлага тооцох заалт байхгүй. Ээлжит болон ээлжит бус чуулганыг хуралдуулахын тулд УИХ-ын дарга захирамж гаргадаг. Захирамж гаргахаасаа өмнө УИХ дахь нам, эвслийн бүлэг, олонх, цөөнхтэй зөвшилцөж байж ямар асуудал хэлэлцэхээ шийддэг.
Юуг нь нэн яаралтай хэлэлцэх вэ гэдгийг тодорхойлж, нэгдсэн ойлголтод хүрч байж хэлэлцэх ёстой. Харамсалтай нь, олонхийн бүлэг бусад нам, эвслийн бүлэгтэйгээ зөвшилцөөгүй. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт ээлжит бус чуулган хуралдуулах захирамж гэнэт гаргасан.
Ээлжит чуулганаараа хэлэлцэж дийлдэггүй асуудлуудыг ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөн, жагсаасан байх жишээтэй. Хэтэрхий хүч түрсэн, муйхар үйл ажиллагаа явуулж байна.
Б.ГАРАМГАЙБААТАР: 35 ГИШҮҮНЭЭ БҮРЭН ОРОЛЦУУЛНА
-Нээлтийг хойшлуулах болсон шалтгаан юу вэ?
-Бүлгийн даргын хувиар УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд пүрэв гариг хүртэл ээлжит бус чуулганы нээлтийг хойшлуулах санал тавьсан. МАН-ын бүлэг биднээс ирцээ бүрдүүлэхийг шаардаж байгаа.
Тиймээс гадаадад буй зарим гишүүнийг ирэх хүртэл хойшлуулах хүсэлт тавьсан юм. Манай дөрвөн гишүүн гадаадад байгаа. Пүрэв гариг гэхэд бүгд ирэх ёстой. Ирэх пүрэв гаригт 35 гишүүнээ нээлтэд оролцуулахад УИХ-ын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ гэж үзэж байна.
-Ядаж ИЗНН-ын болон бие даагч гишүүд нээлтэд оролцоно гэдэгт итгэлтэй байна уу?
-Ямар ч байсан АН олонхийг бүрдүүлж байгаагийн хувьд 35 гишүүнээ бүрэн оролцуулна.
-Дахин хойшлуулах нөхцөл байдал үүсэх вий дээ. Хуралдаанд оролцохгүй байгаа талуудтай ярилцсан уу?
-Ярилцаж байна. Дахин тийм асуудал гарахгүй байх.
-Н.Энхбаярыг Шадар сайдаар нэр дэвшүүлэхийг дэмжинэ гэсэн үг үү. Танай бүлгийн зүгээс уг асуудлыг Ерөнхий сайд мэднэ гэсээр өдий хүргэлээ шүү дээ.
-Хэнийг Шадар сайдаар томилуулахаар УИХ-д оруулж ирэх нь Ерөнхий сайдын эрх мэдлийн асуудал. Миний авсан мэдээллээр сайдад нэр дэвшигчийн талаар АТГ-аас тодорхойлолт авах шаардлагатай. Тэр бичгийг хүлээж байгаа гэсэн мэдээлэл бий.
Тэгэхээр АТГ энэ хүнийг тухайн албан тушаалд томилох боломжтой гэвэл УИХ-д оруулж ирэх ёстой. Шадар сайдыг томилох, эсэх асуудлыг энэ удаагийн чуулганаар хэлэлцэхгүй.
Засгийн газраас сайдын томилгоотой холбоотой саналаа албан ёсоор өргөн баривал дахин ээлжит бус чуулган зарлахыг үгүйсгэхгүй.
-Харин МАН-ын зүгээс Цэцийн гишүүнийг эгүүлэн татахтай холбоотойгоор ээлжит бус чуулганыг эсэргүүцэж буй.
-Уг асуудлаар авсан МАН-ын бүлгийн завсарлагын хугацаа дууссан. Тэгэхээр үүнийг хүссэн ч, эс хүссэн ч хэлэлцэн шийдэх ёстой. Бид Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа гэдэг хүний талаар яриагүй.
Цэц үндсэн үйл ажиллагаанаасаа хазайсан алхам хийгээд байна. Нөгөө талаасаа ээлжит бус чуулганаар зөвхөн үүнийг хэлэлцэхгүй. Татварын багц хуулийн төслөөс авахуулаад олон асуудал хэлэлцэх шаардлагатай.
Цаг алдаж болохгүй байгаа юм. Нам, эвслийн бүлгийн гишүүд оролцох, эсэх нь тэдний асуудал. УИХ-ын дарга захирамж гаргасан. Гишүүд хуралдаандаа суух үүрэгтэй. Ирц бүрдсэний дараа оролцоно гэдэг нь зөвхөн шалтаг.
УИХ-ын чуулганы үйл ажиллагааг саатуулж байгаа намын бүлэг хариуцлага хүлээх ёстой. Сонгуулиар иргэд үүнд нь дүнгээ тавих байх.
Б.НОМИН