Гэрлээд олон жил болсон ч хүүхэд заяагаагүй хос цөөнгүй. “Яагаад хүүхэдтэй болохгүй байгаа юм бэ. Хурдан болооч” гэх хайнгадуухан үгэнд тэд зүрхээ зүсүүлэх мэт шархалдагийг бид төдийлөн мэддэггүй. Ийм зовлонтой хүмүүсийн эцсийн найдвар нь үр шилжүүлэн суулгуулах. Гэвч уг ажилбар тэр бүр амжилттай болдоггүй аж.
Аз таарвал л хүүхэдтэй болдог гэхэд хилсдэхгүй. Анагаахын шинжлэх ухаанд “Хосууд жирэмслэхээс хамгаалах арга хэрэглэхгүй нэг жил буюу түүнээс дээш хугацаагаар бэлгийн харьцаанд тогтмол ороод жирэмслэхгүй байгаа бол үргүйдэлтэй гэр бүл” гэж тодорхойлдог аж.
Харин Н.Эрдэнэ эхнэртэйгээ амьдраад 10 гаруй жил болж буй ч үрийн зулай үнэрлэсэнгүй. Тэрбээр Дорнод аймгийн Хэрлэн суманд амьдардаг. Хүүхэдтэй болохын хүслэнд автсан Н.Эрдэнэ эхнэрийн хамт Улаанбаатар хотод ирж, үр шилжүүлэн суулгуулсан боловч амжилтгүй болжээ.
Бохир, стандарт бус орчинд уг ажилбарыг хийснээс амжилтгүй болсон гэж тэд үзэж буй. Ингэж хардах ч шалтгаан бий аж. Тодруулбал, тэд 2012 онд Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд хандсан боловч “Үрийн суваг битүүрсэн байна. Манай эмнэлэгт яг одоогоор мэс засал хийх багаж нь байхгүй. БНСУ руу явсан нь дээр” гэжээ.

Гэсэн ч тэд өөр боломж хайн Баянгол дүүргийн VI хороонд байрлах “Ануухай мед” эмнэлэгт очсон байна. Тус эмнэлгийн ерөнхий эмч О.Батсүх, Б.Байгалмаа нар тэдэнд шинжилгээ хийсний дүнд үр шилжүүлэн суулгах ажилбар хийхээр болжээ.
Ингэхдээ Нэгдүгээр төрөх эмнэлэг буюу одоогийн “Өргөө” амаржих газрын нэг өрөөнд уг ажилбарыг хийсэн байна.
Үнэрлэх үртэй болохын тулд Н.Эрдэнэ 6.5 сая төгрөг төлсөн ч амжилттай болоогүй учраас шүүхэд ханджээ. Түүнээс хойш бараг гурван жил өнгөрсөн ч нэг ч удаа шүүх хурал болсонгүй. Энэ тухай Н.Эрдэнээс тодрууллаа.
Н.ЭРДЭНЭ: БОХИР ОРЧИНД ҮР ШИЛЖҮҮЛСЭН УЧРААС ХҮҮХЭДТЭЙ БОЛЖ ЧАДСАНГҮЙ
-Үр шилжүүлэн суулгах ажилбарын амжилттай болох магадлал 35 хувь гэдэг. Та хэр итгэлтэй байсан бэ?
-Эхнэр бид хоёр 2012 онд “Ануухай мед”-эд очиж, онош тодруулах шинжилгээ хийлгэсэн. О.Батсүх эмч “Эхнэрийн чинь өндгөвч сайн байна. Та хоёр үр шилжүүлэн суулгах ажилбар хийлгэх боломжтой. Манайх найдвартай. Мөнгөө л аваад ир” гэсэн.
Бид маш их баярлаж, Дорнод руу явж, банкнаас таван сая төгрөг зээлж 2013 оны зургадугаар сард дахин ирсэн юм. Тэгэхэд О.Батсүх эмч “Охин маань Солонгос явсан. Ирэнгүүт нь шинжилгээ хийж, хамгийн түрүүнд та
хоёрыг оруулна гэсэн. Түүний охин Б.Баярмаа нь үр шилжүүлэн суулгах эмчилгээ хийдэг юм билээ. Эхнэр бид хоёр Баярмаа эмчийг ирэхийг хүлээж хотод 10 гаруй хоносон. “Ануухай мед” эмнэлгийнхэн Нэгдүгээр амаржих газар нэг өрөөг түрээсэлж, үйл ажиллагаа явуулж байв.
Шинжилгээ аваад бид хоёрт “Боломжтой” гэж хэлсэн учраас би хүүхэдтэй болно гэдэгтээ итгэлтэй байсан. Гэвч намайг хувцасны гэмээр өрөөнд оруулж “30 минутын дараа гэхэд үрийн шингэнээ энэ саванд хийгээрэй. Эхнэр чинь хүлээж байгаа” гэж хэлээд нэг сав өгсөн.
Хүүхэдтэй болохын төлөө аргагүй эрхэнд арай гэж үрийн шингэнээ гаргаж өгсөн. Уг нь бол тав тухтай, цэвэр орчинд насанд хүрсэн хүмүүсийн кино үзүүлэх зэргээр үрийн шингэн авдаг юм билээ. Гэтэл хувцасны шүүгээ, шалны алчуур нь “хөглөрсөн” өрөөнд хүчээр шахуу л үрийн шингэн авсан.
Ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй өрөө байсан учраас би гомдол гарган, Эрүүл мэндийн яаманд хандсан ч арга хэмжээ аваагүй. Тиймээс Баянгол дүүргийн шүүхэд хандсан.
-Шүүх хурал болсон юм уу?
-2013 онд хандсан ч өдий болтол шүүх хурал болоогүй. Гэхдээ шүүх хурал болох гэж байхад би МХЕГ-аас гаргасан дүгнэлтийг дахин шинжлүүлэхээр болсон юм. Эрүүл мэндийн яамны Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлийнхөн дахин судалж шинжилсэн. Тэр дүгнэлт нь хэд хоногийн өмнө гарсан гэсэн.
Гэтэл шүүхийн нарийн бичиг Нэргүй гэх эмэгтэй одоо хүртэл тэр дүгнэлтийг аваагүй байгаа юм билээ. Дүгнэлт нь гарчихсан болохоор удахгүй шүүх хурал болох байх.
-Ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй өрөөнд шинжилгээ авсан гэлээ. Үүнийг батлах зүйл байгаа юу?
-МХЕГ-ын байцаагчид хяналт, шалгалт хийсэн. Эмнэлгийн мэргэжилтэн үйлчлүүлэгчтэй харилцах ёс зүйн хэм хэмжээг биелүүлээгүй, үр шилжүүлэн суулгах ажилбарын талаар болон эмчилгээний арга, тэдгээрийн үр дүн, эрсдэл, хүндрэлээс гадна шаардлагатай бусад мэдээллийг энгийн ойлгомжтой тайлбарлан, шийдвэр гаргах боломж бүрдүүлээгүй зэрэг зөрчил илэрсэн.
Тиймээс тус эмнэлгийн үр шилжүүлэн суулгах үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоох тухай улсын байцаагчийн акт гарсан юм. Гэвч уг эмнэлэг үйл ажиллагаагаа явуулсаар байгаа тухай сураг дуулсан.
Мөн нийслэлийн ЭМГ-ын Эрүүл мэндийн байгууллагад тусгай зөвшөөрөл олгох комисст “Ануухай мед” эмнэлгийн үр шилжүүлэн суулгах үйл ажиллагааг түдгэлзүүлэх тухай тогтоол хүргүүлсэн.
“Эмчилгээ үйлчилгээний төлбөрийн тухайд харилцан гэрээ байгуулаагүй, төлбөр төлсөн баримт байхгүй нь асуудлыг шийдвэрлэхэд хүндрэл учруулж байна. Тиймээс хуулийн байгууллагад хандан асуудлаа шийдвэрлүүлнэ үү” гэсэн байв.
Мөн МХЕГ-ын Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Н.Долгорсүрэн 2013 оны наймдугаар сарын 28-нд тус эмнэлгийг шалгахад эмнэлгийн үр шилжүүлэн суулгах ажилбар, эмнэл зүйн удирдамж батлуулаагүй, өвчнийг оношлох, эмчлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх шинэ арга технологийг салбарын сайдын тушаал шийдвэрээр баталгаажуулаагүй байгаа нь Эрүүл мэндийн тухай хуулийн 37.2, 28.4.3 дахь хэсгийг зөрчсөн гэж үзсэн.
Түүнчлэн зөвлөгөө өгөх өрөө байхгүй, үр шилжүүлэн суулгах ажилбарын талаар хангалттай мэдээлэл, өгөөгүй, шаардлагатай зурагт хуудас, тараах материал байхгүй байна гэсэн дүгнэлт гаргасан.
-Та цаашид яах бодолтой байна?
-Үр хүүхэдтэй болох нь гэж догдолж, хүлээж байсан бид сэтгэлээр маш их унасан. Сэтгэл санаанаас гадна эд хөрөнгөөрөө хохироод байна. Эхнэр бид хоёр Баярмаа эмчид өрөөнд нь 6.5 сая төгрөг бэлнээр өгсөн.
Тэр үед хажууд нь нэг сувилагч байсан. Ядаж өгсөн мөнгөө буцааж авмаар байна. Анх ирэхэд л “Боломжгүй юм байна” гэсэн бол бид Солонгос явах байсан юм гэв.
Тэрбээр “Ануухай мед” эмнэлэгт үр шилжүүлэн суулгуулаад өөр шиг нь ингэж хохирсон хүн цөөнгүй байгааг хэлсэн юм. Н.Эрдэнийн өмгөөлөгч Ж.Энхтуяатай холбогдоход, “Үр шилжүүлэн суулгасан эмнэлэг албан ёсны зөвшөөрөлгүй байхад ЭМЯ урьдчилсан байдлаар зөвшөөрөл олгосон гэсэн.
Үр шилжүүлэн суулгах ажилбар 35 хувийн л баталгаатай гэж ярьдаг юм билээ. О.Батсүх эмч үүгээр түрэмгийлэх санаатай. “Найдвартай үр тогтоно” гэж хэлчихээд дараа нь хариуцлага хүлээхгүй байж болох уу.
Ариун цэвэр хангасан нөхцөлд үр шилжүүлэн суулгах ёстой биз дээ. “Цус гараад байна” гэхэд нь “Эмээ уу” гэж хэлсэн гэсэн. Мөнгийг нь авч байж эмнэлэгт биш, гадуур байлгасан нь сонин санагддаг” гэв.
“Ануухай мед” эмнэлэг одоо ч үр шилжүүлэн суулгах ажилбарыг 6.5 сая төгрөгөөр хийж буй аж.
Ч.БОЛОРТУЯА