Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, аргазүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүх нарын дуулиант хэргийн нэг холбогдогч болох тус газрын Эрсдэлийн удирдлага, судалгаа үнэлгээний хэлтсийн дарга асан Д.Энхбат саяхан суллагджээ.
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх уг хэргийг 2014 оны хоёрдугаар сард хэлэлцээд Ч.Гансүхийг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаар дамжуулан онц их хэмжээний хээл хахууль авахыг завдсан, хууль ёсны орлогоосоо гадна их хэмжээний орлого олж хууль бусаар хөрөнгөжсөн, төрийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулсны улмаас татварын байгууллагад онц их хэмжээний хохирол учирсан гэм буруутайд тооцон долоон жил хорих ял шийтгэсэн.
Д.Энхбатыг хууль бусаар хөрөнгөжсөн, төрийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж, татварын байгууллагад хохирол учруулсан хэрэгт хамжигчаар оролцсон, татвар ногдох орлого, эд хөрөнгөө нууж, татвар төлөхөөс зайлсхийсэн гэм буруутайд тооцож, 50 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, зургаан жил хорих ял шийтгэсэн байсан юм. Түүний хэргийн зарим үйлдэл Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдсан байна.
Мөн “Цэвэр агаар” сангийн хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн хэрэгт ял шийтгүүлсэн тус сангийн захирал асан Н.Хүрэлсүх, ерөнхий нягтлан бодогч М.Хулан нар ч Өршөөлийн хуулийн үйлчлэлд хамрагдан суллагдаад байгааг прокурор, шүүхийн эх сурвалжууд мэдээллээ.
Г.РАВЖАА