Нидерланд улсаас гаргасан аюулгүй орнуудын жагсаалтад Монгол улс багтаж үүнтэй холбоотойгоор Монгол улсын иргэд тус улсад орогнох эрх хүсэх боломжгүй болсноос гадна гуравдугаар сарын 1-ээс эхлэн тус улсаас гарах ёстой болсон байна.
Хоёрдугаар сарын 12-ы өдөр гаргасан уг жагсаалтад Гана, Энэтхэг, Ямайк, Марокко болон Сенегал улс оржээ.
Нидерландын Засгийн газрын үзэж буйгаар, хэрэв эх орондоо буцан очиход хангалттай аюулгүй, арьсны өнгөөр эсвэл шашин шүтлэгээр хавчдаггүй, эрүүдэн шүүдэггүй, хүнлэг ханддаг бол тус улс аюулгүй оронд тооцогдох аж.
Гуравдугаар сарын 1-нээс эхлэн аюулгүй орнуудын иргэдээс өгсөн орогнох эрхийн хүсэлтийг хянан шалгаж үндэслэлгүй гэж үзэн татгалзсан хариу өгөх аж. Гэхдээ орогнох өргөдөл гаргагчдад улс орон нь тодорхой тохиолдолд яагаад тэдэнд аюултай байж болохыг нотлох боломж олгоно.
Татгалзсан хариу авсан хүмүүс Нидерландад оршин суух эрхгүй бөгөөд тус улсыг нэн даруй орхин гарах ёстой. Нидерланд улс 2015 онд аюулгүй орнуудын жагсаалтад оруулсан зургаан улсын иргэдээс орогнох эрх хүссэн 566 өргөдөл хүлээж авсны 12-ыг нь Энэтхэгийн иргэд, 20-ийг нь Сенегал, 23-ыг нь Гана улсын иргэд, 68-ыг нь Ямайкийн иргэд, 80-ыг нь Мароккочууд, 363-ыг нь Монголчууд өгчээ.