Өнөөдөр 11.00 цагийн үед иргэн Мөнхнасан фэйсбүүк цахим сүлжээний "Paparazzi+Traffic Mongolia" бүлэгт хот хооронд зорчигч тээвэрлэж буй "Эрдэм транс" компанийн том оврын автобус Эмээлтийн төмөр замын гарам дээр хаалт буусан үед нэвтэрсэн талаар нийтэлсэн юм.
Уг гомдлын дагуу Авто тээврийн үндэсний төвийн мэргэжилтнүүд яаралтай шалгалт хийхэд Орхон-Улаанбаатар чиглэлд зорчигч тээвэрлэж байсан 0607 УБЕ улсын дугаартай автобусны жолооч Мөнхжаргал нь тээвэрлэлтийн явцад хариуцлага алдаж, дотоод хяналт шалгалтыг хэрэгжүүлээгүй нь тогтоогджээ. Иймээс хариуцлага алдсан жолоочийг ажлаас чөлөөлж, тухайн үед тээвэрлэлтийн зохицуулалт хийж, хяналт тавьж байсан "Эрдэм транс" компанийн албан хаагчдад захиргааны арга хэмжээ авсан тухайгаа тус төвөөс мэдээллээ.