МАХН-ын зохион байгуулалт, санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд уржигдар орой саатуулан шалгаж эхэлсэн нь өчигдөр олны анхааралд өртөв.
МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдаар томилж болохгүйг АТГ-ынхан мэдэгдсэнтэй зэрэгцээд ийм үйл явдал болсон нь тус намынхны “Улс төрийн зорилготой ээлжит баривчилгаа” гэх яриаг дэврээж орхилоо.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхний явуулсан байцаан шийтгэх ажиллагаа нь Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбын гэх хахууль авсан хэргийн үргэлжлэл байсан юм.
Үүнийгээ ч мөрдөгчид нь нотлох мэт өөрсдийн цахим хуудсандаа “МАХН-ын зохион байгуулалт, санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг эрүүгийн 201501000161 дугаар хэрэгт холбогдуулж, 2016 оны хоёрдугаар сарын 16-нд ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна” хэмээн мэдээллээ.
Түүнийг 72 цагийн хугацаагаар албадан саатуулсан бөгөөд баасан гаригт сэжигтнээр тооцож, үргэлжлүүлэн хорих уу, батлан даалтад гаргах уу гэдгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд прокурор, өмгөөлөгчийг нь байлцуулан шийдэх юм байна.
Г.Шийлэгдамбад холбогдох хэргийг АТГ-ынхан шалгаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн үед яллагдагч олон нийтэд хандан захидал бичиж “МАХН-ын даргынхаа шахалтаар хөрөнгө мөнгө босгохын тулд найзаасаа их хэмжээний мөнгө авсан” хэмээн мэдэгдсэн.
Үүнээс үүдэн прокурор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан бөгөөд тэр даруйд МАХН-ын ерөнхий нягтлан бодогч Н.Цэцэгээгээс тайлбар авч, байцаасан талаар бид цаг тухайд нь мэдээлж байв. Шалгалтын ажиллагаа лавширч, П.Цогтбаатарыг сэжигтнээр шалгах болсон нь зөвхөн эхлэл төдий гэх хүн ч байна.
МАХН санхүүжилтээ гишүүдийн татвараас гадна өөр эх үүсвэрээс бүрдүүлдэг бололтой. Тухайлбал, Монголбанкны ерөнхийлөгч асан Л.Пүрэвдоржийн хүү П.Хангал МАХН-ын томоохон хөрөнгө оруулагч гэх мэдээлэл намын гишүүдийнх нь дунд байгаа юм. Тэрбээр барилгын бизнесээсээ олсон орлогоо намдаа өгдөг гэнэ.
Г.РАВЖАА