УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Батсуурь, Шадар сайд Ц.Оюунбаатар нар энэ сарын 13- нд Улаанбаатар-Москва-Берлин чиглэлд нисэх МИАТ-ийн онгоцыг 25 минут саатуулсан гэх мэдээлэл шуугиан тариад буй.
Дээрх албан тушаалтнууд энгийн суудалд суух тасалбар бичүүлсэн хэрнээ “Бид УИХ-ын гишүүд. Нэгдүгээр зэрэглэлийн суудалд сууна. Үгүй гэвэл онгоцыг чинь хөөргөхгүй” хэмээн хэл ам гарган, ийш тийш утас цохин нислэгийг саатуулсан аж.
Компанийн үйл ажиллагаа, нисэх буудал, газрын үйлчилгээ үзүүлж буй компани, цаг агаарын нөхцөл байдал зэрэг олон шалтгаанаас болж нислэг саатах тохиолдол цөөнгүй гардаг.
Олон улсын агаарын тээврийн холбооноос (IATA) тухайн агаарын хөлгийн маркаар нь ийм минут саатвал төдий хэмжээний зардал гарна гэсэн дундаж тооцоо гаргадаг аж.
Тодруулбал, тухайн нислэгт дамжин өнгөрөх зорчигч хэд байна, хэдэн минут саатсан, тэр нь дараагийн нислэгт нөлөөлсөн, эсэх зэргээс шалтгаалан учирсан зардлыг тооцдог.
Баттай эх сурвалж “Хоёрдугаар сарын 13-ны Улаанбаатар-Москва-Берлин чиглэлийн онгоц 25 минут биш 33 минут саатсан нь үнэн. Шадар сайд болон гишүүдийг тээвэрлэхээс татгалзаж, өөр онгоцонд шилжүүлэн суулгах гэсэн тухай мэдээлэл ирээгүй” гэсэн юм. Тухайн нислэг 33 минут саатсанаас болж хэр хэмжээний зардал гарсныг тооцон гаргасан аж.
Шадар сайд болон УИХ-ын гишүүдтэй холбогдох гэсэн боловч туслахууд нь тэднийг гадаадад томилолтоор явсныг дуулгасан. Зам, тээврийн сайд М.Зоригт “Хаан мэт авирлаж байсан Шадар сайд, гишүүдийн хулхи нь бууж, суудалдаа суужээ” хэмээн жиргээд амжсан ч мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.
Ч.ТУЯА