Туркийн нийслэл Анкара хотын төвд томоохон халдлага үйлдсэний улмаас 28 хүн амиа алдаж, 61 хүн шархаджээ. Амиа алдагсдын тоо нэмэгдэж магадгүй байна.
Амиа алдсан болон шархадсан хүмүүсийн дийлэнх нь Туркийн Зэвсэгт хүчний төлөөлөгчид, тодруулбал офицерууд байгаа юм. Гэхдээ дэлбэрэлтийн бүсэд энгийн иргэд ч байжээ. Туркийн эрх баригчид одоогоор амиа алдсан болон шархадсан хүмүүсийн жагсаалтыг гаргаагүй байгаа бөгөөд заримынх нь биеийн байдал маш муу хотын 14 эмнэлэг нэгэн зэрэг ажиллаж байна.
Халдлага орон нутгийн цагаар 18 цаг 31 минутад Туркийн парламент, Ерөнхий штабын газар, цэргийн дотуур байраас холгүй нийслэл хотын төвийн хөдөлгөөн ихтэй замын уулзварт тэсрэх бөмбөг суурилуулсан автомашин дэлбэрсэн байна. Тус улсын Ерөнхий штабын газраас мэдээлснээр, гэрлэн дохионд улаан гэрэл асаж, цэргүүдийг зөөж байсан автомашины цуваа зогсоход дэлбэрэлт болжээ.
Дэлбэрэлт маш хүчтэй болсон бөгөөд олон байшингийн цонх доргисноор барахгүй дэлбэрэлтийн долгион Анкара хот дахь Оросын Элчин сайдын яамны нутаг дэвсгэрт мэдрэгджээ.
Одоогийн байдлаар цагдаа нар дэлбэрэлтийн бүсэд хүрдэг бүх гарцыг хааж, зөвхөн тусгай машинуудыг оруулж байгаа аж. Хэргийн газрын дээгүүр цагдаагийн нисдэг тэрэгнүүд ниссэн хэвээр байна. Хотод ерөнхийдөө шөнө болж байгаа учраас байдал тогтворжсон ч онцгой байдлын дэглэм үргэлжилсээр байна.
Нийслэл хотод үйлдсэн халдлагыг үйлдэгчдийг одоогийн байдлаар тогтоогоогүй байна гэж Туркийн Засгийн газрын албан ёсны төлөөлөгч, дэд сайд Нуман Куртулмуш мэдэгджээ.
Түүний хэлснээр хэргийг мөрдөн шалгах баг байгуулсан бөгөөд дэлбэрэлт болсон газрыг маш нарийн судалж байгаа гэнэ.
Дээрх халдлага нь Туркт сүүлийн саруудад үйлдсэн дөрөв дэх томоохон террорист халдлага болж байгаа юм. Өнгөрсөн оны долдугаар сард Сиритэй залгаа Суруч хотод, 10 дугаар сард Анкара хотод, энэ оны нэгдүгээр сард Истанбул хотод томоохон халдлага үйлдсэний улмаас нийтдээ 150 орчим хүн амиа алдсан билээ. Үүнээс гадна, сүүлийн саруудад Туркийн 200 гаруй цэрэг, цагдаа цэргийн тээврийн хэрэгслийг дэлбэлсний улмаас болон тус улсад хориглосон Курдистаны ажилчны намын босогчдын халдлагад өртөж амиа алдсан байна.