Дэлхий нийтээрээ Зика вирусийн эсрэг онц байдлын түвшинд ажиллахад ойрын үед 56 сая доллар шаардлагатай байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдэгджээ.
Энэхүү хөрөнгийг ирэх зургаа дугаар сар хүртэл Зикагийн вакцин гаргаж авах, тархах өндөр эрсдэлтэй орнуудад дэмжлэг туслалцаа үзүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээгээр хангах, шумуулын хяналтыг сайжруулах, вирусийг судлах зэрэг ажилд зарцуулахаар төлөвлөж байгаа юм.
Эрдэмтэд, эмч мэргэжилтнүүд Зика вирусийн халдвар болон жижиг толгойтой, тархины хөгжил нь зогссон хүүхэд төрөхөд хүргэдэг Микроцефали хоёрын дунд уялдаа холбоо байна гэж таамаглаж, үүнийг нарийвчилж тогтоохоор судалгаа хийж эхэлсэн байна. Зика вирус тархсан улс орнууд ялангуяа Бразил улсад хүний гар хөл аажмаар сааждаг Гийена-Барре хам шинж илрэх тохиолдол ажиглагдаж эхэлжээ.
Иймд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ хам шинж, микроцефали зэрэг нь хоорондоо уялдаа холбоотой байх нөхцөлд Зика вирусийн тархах эрсдэл улам бүр нэмэгдэх учраас урьдчилан сэргийлж ажиллах нэгдсэн стратеги боловсруулж байгаагаа мэдэгдсэн байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хоёрдугаар сард Зика вирусийн эсрэг онц байдал зарлаж, Зика вирусийн эсрэг онц байдлын түвшинд ажиллахыг харьяа байгууллагууддаа үүрэг болгосон юм. Халуун орны бүсэд үрждэг "aedes aegypti "шумуулаар дамжиж халддаг Зика вирус өнөөдрийн байдлаар дэлхийн 34 орон, газар нутагт, ихэвчлэн Латин Америк Карибын тэнгисийн бүсэд тархаад байна.