УИХ-ын ээлжит бус чуулганыг нээх гэсэн хоёр дахь удаагийн оролдлого бүтэлгүйтлээ. Өчигдөр 09.00 цагт товлосон хуралдаан мөн л ирц бүрдэхгүй байсаар болсонгүй, 18.30 цагт ажил тарав.
Өмнөхөөс ялгаатай нь гадаадад томилолттой явсан АН-ын дөрвөн гишүүнээс Д.Бат-Эрдэнээс бусад нь ирсэн. Үүнээс гадна ИЗНН-ын С.Дэмбэрэл (Гишүүн С.Оюун гадаадад томилолттой байгаа аж), “Шударга ёс” эвслээс МҮАН-ын хоёр буюу нийт 37 гишүүн ирцээ бүртгүүлсэн ч хуралдааныг эхлүүлэхэд хоёр гишүүн дутсанаар өнөөдөр 09.00 цагт ээлжит бус чуулганы нээлтийг гурав дахиа товлоод байна.
МАН, МАХН болон бие даагч гишүүд аанай л оролцолгүй, гүрийж чадлаа. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт уг асуудлаар өмнө нь илэрхийлсэн байр суурь хэвээр гэдгээ дуулгаад, “Үндсэн хууль зөрчсөн асуудлаар хуралдах гэж буй учраас оролцохгүй. УИХ гагцхүү хуулийг л дээдлэн ажиллах учиртай.
Үндсэн хууль зөрчсөн гэдгийг Цэцийн найман гишүүн бичгээр ирүүлсэн шүү дээ. Тодруулбал, Үндсэн хуулийн 65.4-т Цэцийн гишүүн хууль зөрчсөн бол анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн эгүүлэн татна гэж заасан. Гишүүн Ж.Амарсанааг анх илгээсэн байгууллага нь Улсын дээд шүүх.
Гэтэл Улсын дээд шүүхээс уг асуудлаар “Тусгайлсан саналгүй” гэсэн. Хууль зөрчсөн, эсэхийг тогтоох байгууллага нь шүүх. Гэтэл УИХ-ын Тамгын газрын дарга нь “Хууль зөрчсөн” хэмээн тогтоочихоод байна шүү дээ. Цэцийн шийдвэр ч гарсан байх учиртай. Эдгээр нь хууль зөрчсөн хангалттай үндэслэл.
Манай бүлгээс уг асуудлыг хойшлуулах, оруулахгүй байх саналыг удаа дараа тавьсан. “УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөн асуудлаар хуралдаанд оролцохгүй байж болно” гэж УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу бид оролцохгүй” хэмээн мэдэгдэв.
МАХН-ынхны хувьд оролцохгүй байгаа шалтгаанаа ингэж албан ёсоор илэрхийлээгүй ч өрөө өрөөндөө бүгж буйн учир үндсэндээ тодорхой. Тэд намын дарга Н.Энхбаярыгаа Шадар сайдад зүтгүүлсээр л байна.
Гэвч Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Шадар сайдын албан тушаалд Н.Энхбаярыг дэвшүүлж буйгаа мэдэгдэж, түүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар АТГ-т хандсан албан бичгийн хариу “муу” гарчихсан.
Тодруулбал, АТГ-аас Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт илгээсэн хариу албан бичигт “...Улсын ерөнхий прокурорын газрын 2016 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн 1/584, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн төвийн 2016 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн 15/131 дугаартай албан бичгээр тус тус ирүүлсэн лавлагаагаар нэр дэвшигч Н.Энхбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн ялтай байдал дуусгавар болоогүй байна” гээд холбогдох хуульд зааснаар ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болгож буй талаар дурджээ.
Эрүүгийн хуулийн ялгүйд тооцох заалт ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Шадар сайдад нэр дэвшигчид тавих шаардлага үүгээр дуусахгүй. Энэхүү ашиг сонирхлын тодорхойлолтоос гадна Н.Энхбаярын талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой зөвшилцөж, саналыг нь авах хуулийн шаардлага хүлээж буй.
Тэд ямархан харилцаатайг монголчууд мэднэ. Төрийн тэргүүн фэйсбүүк хуудсандаа “Зарим хүнд зөвлөхөд” хэмээн тодотгож байгаад “Улсаа бодож байгаа бол улс төр лүү бүү зүтгэ. Ард түмнээ бодож байгаа бол аль нэг сонгуульд нэрээ бүү дэвшүүл. Эх орноо бодож байгаа бол энэ тэр суудалд бүү шуна.
Улсаа, ард түмнээ, эх орноо хорлох ажил бүү хий. Ингэж улс төрд байгаа бол гар. Байхгүй бол тийш битгий ор. Ингэх л гэж бид эрх чөлөөг сонгосон. Олонд хоргүй, өөрийнхөө сонголтоор амьдрах боломж эрх чөлөөнд л байдаг” хэмээсэн нь учиртай байж мэдэх. Ингээд зогсохгүй УИХ гэсэн том даваа Н.Энхбаярын өмнө бий.
Ээлжит бус чуулганаа нээж чадахгүй байгаа эл байдлыг УИХ-ын дэд дарга, АН-ын гишүүн, туршлагатай парламентч Р.Гончигдорж “давагдашгүй хүчин зүйл” хэмээн тодорхойлсон. Энэ үеэр УИХ-ын дарга бөгөөд АН-ын дарга З.Энхболд ч үүнийг бататгаж, ирэх сонгуулиар АН-ыг олуулаа биш олонх болгохыг гуйж, тунирхсан.
Өчигдөр ирц бүрдээгүй ч нэгдсэн хуралдааны танхимд цугласан АН-ынхан улс орон даяар баахан гоморхлын үг чулуудсаар, өнөөдөр өглөө уулзахаар болоод тарлаа. Гэвч тэд хэдэнтээ хичээгээд үл хүчрэх “давагдашгүй хүчин зүйл”-ийг өнөөдөр давах болов уу.
Б.НОМИН