Шашны хэт даврагчдын "Исламын улс" бүлэглэл Европт томоохон халдлага үйлдэж болзошгүйг Европын цагдаагийн албаны дарга Роб Вейнрайт мэдэгджээ.
"Исламын улс" эсвэл шашны өөр алан хядагч бүлэглэлүүд олон хүний аминд хүрэх зорилгоор Европын хаа нэгтээ хүн олноор цуглардаг газар халдлага үйлдэж болзошгүй гэнэ.
Европт сүүлийн үед 10 жил дэх хамгийн том алан хядах үйл ажиллагаанууд явагдаж байгаа бөгөөд халдлагыг бүлэглэлээрээ эсвэл ганцаар үйлдэж болзошгүй тул хууль хяналтын байгууллага, ард иргэдийг сонор сэрэмжтэй байхыг цохон тэмдэглэжээ.
Өдгөө дэлхий нийтийн дайсан болоод байгаа "Исламын улс" бүлэглэл гурван жилийн хугацаанд маш олон халдлага үйлдэж Ирак, Сирийн нутаг дэвсгэрт томоохон газрыг эзлэн аваад байгаа юм. Үүнээс гадна, тэд Хойд Африкийн орнуудад, тухайлбал, Ливид нөлөөгөө тогтоохыг оролдож байна. Албан бус тооцоогоор "Исламын улс"-ын хяналтад байгаа газар нутаг 90 мянган хавтгай дөрвөлжин километр байгаа юм.