МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамбын ил захидалтай холбоотойгоор тус намын зохион байгуулалт, санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг АТГ-аас шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тус газрын мөрдөн байцаагчийн санал, хэрэгт хяналт тавьж буй прокурорын дүгнэлтэд үндэслэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн баасан гаригт П.Цогтбаатарыг сэжигтнээр тооцон, 14 хоног цагдан хорихоор шийдвэрлэжээ.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар П.Цогтбаатар намын даргаа хамгаалж буйгаас ийнхүү сэжигтнээр тооцогдож буй бололтой. Г.Шийлэгдамба захидалдаа “Миний бие иргэн О.Даваасүрэнгээс дэмжлэг хүсэж авсан мөнгөний 50 мянган ам.долларыг 2015 оны арваннэгдүгээр сарын 4-ний өглөө Н.Энхбаярт МАХН-ын төв байран дахь өрөөнд нь оруулж өгсөн болно.
Харин уг өдрийн орой О.Даваасүрэнгийн авчирч өгсөн 120 мянган ам.долларыг мөн намын санхүүжилт болгон МАХН-ын дарга Н.Энхбаярт өгөхөөр тохиролцсон байсан боловч АТГ-ын албаны хүмүүст баривчлагдсан” гэж бичсэн. Харин П.Цогтбаатар мөрдөн байцаалтад “Г.Шийдэгдамбын өгсөн 50 мянган ам.долларыг би авсан” хэмээн тайлбар өгсөн гэх мэдээлэл байна.