МЗХ-ноос Монголд улсад сурч, амьдарч байгаа орон орны оюутан залуусыг хамруулсан “Хаврын баяр-2016” олон улсын залуучуудын өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгт Монгол, Лаос, Япон, Афганистан, Орос, Итали, Турк, БНАСАУ, БНСУ, Герман, Хятад, Тайланд зэрэг орны 100 гаруй төлөөлөгчид оролцсон юм.
Арга хэмжээг нээж МЗХ-ны Удирдлага, төлөвлөлт хамтын ажиллагааны газрын дарга Ч.Хонгорзул үг хэлсэн бөгөөд “Энэхүү арга хэмжээ нь жилээс жилд өргөжин, “Хаврын баяр”-т оролцох оюутан залуус нэмэгдсээр байна. Энэ нь Монголд сурч буй олон орны залуус ойртон нөхөрлөж бие биендээ тусалж дэмжих, өөрийн орны соёл уламжлалаа таниулах, суралцах чухал ач холбогдолтой юм” хэмээн онцоллоо.
Энэ үеэр өдөрлөгт оролцсон залуус өөрсдийн Үндэсний хувцас болон ёс заншлаа танилцуулж, урлагийн үзүүлбэрүүд сонирхуулсан юм. Түүнчлэн Монгол - Хятадын хамтарсан Найрамдал сургуулийн авьяаслаг сурагчдын “Дэнлүүтэй бүжиг”, Лаос залуусын Монголоор дуулсан “Анхны хайр” дуу нь олон хүмүүсийн талархал хүлээж байсан юм.
Уг “Хаврын баяр-2016” өдөрлөгийг Мони Поло банк бус санхүүгийн байгууллага дэмжин тэмцээн бүрийн ялагчдад өөрсдийн бэлдсэн гарын бэлгээ гардуулсан юм.