ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа нарын “Монголын төмөр зам” төслийн хөрөнгөөс завшсан хэргийн мөрдөн байцаалт удааширч, цаашилбал гацаж ч болзошгүй нөхцөл байдалд хүрчээ.
Учир нь энэ хэргийн гол хоёр сэжигтэн болох “Либерти партнерс” компанийн захирал Ч.Ганбат АНУ-ын ногоон карт эзэмшин, тус улсын иргэн болсон. “Монголын төмөр зам” компанийн дэд захирал П.Бат-Эрдэнэ ч мөн гадаадад амьдарч байгаа. Ч.Ганбат эх орондоо очиж, гэм буруутай эсэхээ шалгуулах хүсэлтэй гэж захидал бичсэн ч өнөөг хүртэл ирээгүй.
АТГ-ынхан Интерполын Монголын товчоогоор дамжуулан Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллагын эрэн сурвалжилж буй хүмүүсийн жагсаалтад оруулсан байгаа.
Энэ тухай өнгөрсөн баасан гаригт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр “Энэ хэрэгт хамааралтай, гадаадад байгаа нэг хүн нь эх орондоо ирж өөрийн биеэр мэдүүлэг өгч байцаагдах тухайгаа бичсэн мэдэгдэл олон нийтэд цацагдсан.
Гэтэл өнөөдөр тэр хүмүүс эх орондоо ирж, хэргийн талаар тайлбарлаагүй байна. Тиймээс эрэн сурвалжлах ажиллагаа холбогдох хуулийнхаа
дагуу олон улсын хэмжээнд явагдаж буй. Тухайн этгээдүүдийн оршин сууж байгаа улстай Монгол Улс эрхзүйн талаар харилцан туслалцах гэрээтэй тохиолдолд авчрахад ямар нэгэн саад учрахгүй. Харин гэрээгүй тохиолдолд Интерпол өөрсдөө барьж авчирч өгөхөөс бид очиж авчрах боломжгүй юм” гэв.
Ийм байдлаар гацаанд орчихоод буй. Харин бидэнд эх сурвалжуудын өгсөн мэдээллээр Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ нар Интерполын сангаас өөрсдийгөө эрэн сурвалжилж буй зурагтай мэдээллийг арилгаж, олон улсаар ямар нэг саадгүйгээр дамжин өнгөрөх боломжтой болгооч.
Тэгвэл Монголд очъё гэж захидал бичсэн гэнэ. Интерполын Монголын товчоо АТГ-т хандаж тэдний хүсэлтийг ёсоор болгох боломжтой гэсэн утгатай албан тоот өгч буй ч, АТГ-ынхан олон улсад эрэн сурвалжилж буй хүмүүсийн жагсаалтаас тэднийг гаргахыг яарахгүй байгаа гэнэ.
Г.РАВЖАА