Хатуу чихтэй хүмүүсийн сонсгол дөрвөн жилд нэг удаа, тэгэхдээ хэдхэн сарын хугацаатай сайжирдгийг та анзаарав уу. Тэдний сонсгол сайжрах мөчлөг нь энэ онд тохиож байгаа. Учир нь өнөө жил сонгууль болно.
УИХ-ын гишүүд, сайд, дарга нар хог шүүрдэж, сонгогч хойморт заларна. Дөрвөн жил тутамд зүүд мэт хоромхон зуур үргэлжилдэг энэ үзэгдлийг яг тэр чигт нь гацааж орхимоор.
Хөх, шар хуванцар савнуудаа хортой хэмээн голдог ч тэрийгээ хаячихъя гэхээр сүү саалиа юунд хийх, ундны усаа юугаар авахаа хөдөөгийнхөн, гэр хорооллынхон мэдэхгүй. Ийм үед нь хөнгөнцагаан бидон үнэгүй олдоход баярлахгүй хүн бий гэж үү.
Булаацалдаад л авна. “Дуусчих вий” хэмээн дотроо залбиран, дугаарлаж байгаад хүн бүр нэг нэг бидон авсан байна лээ. Шинэ жилээр хүүхдүүдэд нь бэлэг өгөхөд талархахын оронд “Хайран мөнгө. Үүнийгээ сургууль, цэцэрлэг барихад нэмэрлэсэн ч болоосой” гэж шулуухан хэлсэн хүн гараа болов уу.
“Өө, баярлалаа” гээд бэлгийг нь тосож авахдаа ингэж бодсон байж болох ч, тэр үгээ уруул давуулаагүй байж таарна. Харин ч манайх төдөн хүүхэдтэй гээд нэмж авсан биз.
Шинэ жилээр нийслэлийн Чингэлтэй дүүрэгт Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан бэлэг тараасан бол Хөвсгөлд аймгийнх нь Засаг дарга А.Эрдэнэбаатар 200 гаруй айлд баярын бялуу өгч, Хөгжимт драмын театрынхаа уран бүтээлчдээр ая дуу өргүүлсэн. Б.Наранхүү гишүүн харин Дундговийн Шинэ жилийн арга хэмжээний үеэр 10 хүнийг байртай, 100 хүнийг табтай, 2000 оюутныг сургалтын төлбөртэй болгож башийлгасан гэж байгаа.
Хувийн цэцэрлэг, бага, дунд сургуулийн сургалтын төлбөрөөс ч хямдхан мөнгөөр дээд боловсрол олж авахаар дөрвөн жил үйлээ үздэг оюутнуудын үгэнд энэ жил эрхэм гишүүд, сайд, дарга нар бүр ч дуулгавартай орно.
Төлбөрийг нь бүр гуйгаад өгнө. Аль ч цаг үед горилогчид тэдэнд хайртай байсаар ирсэн болохоор оюутнууд нийтийн тээвэрт үнэгүй явж, гэр рүүгээ онгоцоор ниссэн зардлаа төрөөр төлүүлж, эрүүл мэндийн даатгалаа татвар төлөгчдөөс гаргуулж, бүгдээрээ 70200 төгрөгийн тэтгэлэг авч ирсэн.
Сонгогч байхын сайхныг оюутнууд бусдаас илүү мэднэ дээ. Айсуй сонгуулиар намууд тэдэнд юу амлахыг таашгүй. Их, дээд сургуулиудыг төлбөргүй болгоно гэж мэдэх л юм шүү. Улсын данс улайсан байлаа ч амлалтаа биелүүлэхийн тулд, ялангуяа оюутнуудад хэлсэн үгэндээ хүрэхийн тулд эрх баригч намууд ямар ч өр зээлээс айхаа байчихдаг.
Сонгогчдыг цаг тооны бичиг, ханын цаг гээд ямар нэгэн юмтай, намууд, нэр дэвшигчдийг аймшиггүй “зоригтой” болгодог сонгууль ид шидтэй. Тэр өгөөж нь өнөө ч үргэлжилж байна.
Засгийн газрын ХЭГ-ын дарга, сайд С.Баярцогт тойргийнхондоо Далай ламтай хамт авахуулсан зурагтай цагалбар дурсгасан бол өөрийнхөө зурагтай аяга, Сайханы хөтөл, Ээж модны зураг, салбарын тэргүүний ажилтан цол тэмдэг гээд Сэлэнгийн сонгогчид юм юмтай л болж.
Тэгвэл нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга, ХХАА-н дэд сайд асан Б.Батзориг тав, Хөвсгөлөөс УИХ-д сонгогдсон гишүүн Л.Энх-Амгалан тойргийнхоо ахмадуудад 10 кг гурилаар бэлэг барьсан бол нийслэлийн НАМЗХ-ны дарга Н.Учрал Хэнтийн иргэдийн дунд ухаалаг утастай сугалаа сугалуулсан гэх мэтээр үргэлжилнэ.
Хийсэн ажлаасаа илүү, хообийгоороо олонд танигдсан М.Зоригт сайд өөрөг зураг авах уралдаан зарлаж, аятайхан өнгөлөн далдлалт хийгээд хүүхдүүдийг мялаасан бол Л.Эрдэнэчимэг гишүүн сонгогчдынхоо гар утсанд нэгж хийж өгсөн, Баянхонгороос сонгогдсон зарим гишүүн ахмадуудад Цагаан сарын бэлэг тараасан гээд жагсаалт цааш хөвөрнө.
Сонгогчдоо хойморт залаад, хогийг нь шүүрдэж өгөх нь холгүй наалинхайтаж байгаа горилогчид элдэв зүйл сэдсээр, иргэдийн саналыг худалдаж авах аргаа улам нарийн, боловсронгуй болгосоор байна. Тэдний арга тактикт энэ удаад шинээр нэвтэрсэн зүйл бол аян өрнүүлэх.
ШӨХТГ-ын дарга асан О.Магнай “Дэм дэмэндээ” аяны хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэдэд хувцас, нүүрс тарааж, гэр хорооллын иргэдийг хөхөө өвлийн хүйтнээр өмсөх дулаан хувцастай, гэртээ халуу дүүгүүлэх нүүрстэй болгосон бол Г.Баярсайхан сайд “Халуун сэтгэл” аянаараа Чингэлтэй дүүргийн айлуудад түлэх нүүрс тарааж, гэртээ дулаан суух боломж олгов.
Малчдад хэзээний элэгтэй манай дарга нар төлийн уут, тугалын нэмнээ ачаад хөдөөгүүр давхилдаж эхэллээ. Хөр цас бүрэн ханзраагүй байхад л хурдан морьдын уралдаан зохион байгуулж, бай шагнал өгч гарлаа.
Хар сүүлт, монгол бөхөн, аргаль, янгир гээд ховор амьтад өлдөж, хөлдөж байхад мэдээгүй царайлах тэд малд ийн хайртай болсон нь сонгууль хаяанд ирсний шинж. Амьтад сонгуульд оролцож санал өгөх биш, малын эздийн магнайг тэнийлгэх нь тэдэнд хэрэгтэй л дээ.
Удахгүй тариаланчдад улаан буудайн, ногоочдод хүнсний ногооны үр, жимсний суулгац бэлэглэхээр горилогчид мөнгөө тоолж байгаа гэдэгт эргэлзэх хэрэг байна уу. Манай тариаланчид өнгөрсөн хавар 335.7 мянган га талбайд чанартай уринш хийж бэлтгэсэн.
Энэ хавар 48 мянган тонн улаан буудайн үр шаардлагатай ч дөнгөж 28 мянган тонн нь бий. Дутаж буй 20 мянган тонн үрийг горилогчид олж ирээд, тариаланчдад бэлэглэхэд гайхах юмгүй. Яагаад гэвэл энэ жил сонгууль болно.
Горилогчдын сонгуулийн штабынхан гайхалтай сайн мэдээлэлтэй байдаг учраас аль хашааны хэнийх хаана ажилладаг, хэдэн хүүхэдтэй гэдгээс эхлээд тогоотой шөлөнд нь хэдэн хэрчим мах хөвж явааг ч андахгүй. Өрсөлдөгч намын гишүүн, сэтгүүлчдийн хаалгыг тогшиж балрахгүйгээ тэд маш сайн мэддэг.
Монголын төрд байдаггүй, бүртгэлийн албаныхны мэдэхгүй мэдээлэл ч тэдэнд бий байх шүү. Малаа тоогоор нь байтугай, зүсээр нь андахгүй хэрнээ хүнээ бүртгэдэггүй төрөөс маань илүү сайн ажилладаг тэд ямар ч улсын тагнуулчдаас дутахгүй гэдэгт би хувьдаа эргэлздэггүй.
Өмнөх сонгуулийн дараагаар дэгдсэн, Увсын хоёр гишүүнтэй холбоотой 100 мянган төгрөгийнх шиг дуулиан дахиад гарахгүй. Учир нь тэд гаргасан алдаагаа даруй ухаарсан, одоо түүнийгээ давтахгүйн тулд өнгөрсөн дөрвөн жилд хангалттай “боловсорсон”.
Гэхдээ мөнгө, эд зүйлс тараадаг “заншил” хэвээрээ, харин ч хууль цааз чангарах тусам далд хэлбэрт шилжиж, улам ухаалаг болж байна. Гар утас, автобус хүртэл ухаажиж байхад арга ч үгүй юм. Хамгийн гол нь горилогч олон байх тусам сонгогчдод өгөөж нь илүү.
Дөрвөн жил хөл хүрэх газраар явж, хэл хүрэх газартаа дуулгаад бараагүй ажил сонгуулийн өмнөхөн гялс бүтээд л, бичиг баримтгүй иргэд иргэний үнэмлэхтэй, хүүхдүүд төрсний гэрчилгээтэй, айлууд хашааны газартай болоод л... иргэдийн асуудал шийдэгдэж байвал болж байна. Сайд, дарга нар үргэлж ийм сайхан ааштай, гар тэнэгэр байгаасай гэж л хүснэм.
Х.БОЛОРМАА