Баянгол дүүргийн II, XVIII хорооны нутаг дэвсгэр буюу III, IV хорооллын орон сууцны байрнуудын дундах үерийн далан бохир усаар дүүрсэн тухай мэдээлэл манай сонины редакцад ирсэн юм. Үүний дагуу өчигдөр тус газарт очлоо.
Уг далангийн баруун хэсгээр шар ногоон өнгийн ус овойн хөлдөж, өмхий үнэр сэнхийх аж. Хажуугаар нь цүнх үүрсэн багачууд холхилдоно. Зарим нь бохир холилдсон уг мөсөн дээр гулгаж тоглодгоо нуусангүй.
Ийм байдал жилийн өмнөөс үүссэн гэнэ. Бохир ус хаанаас урсаж ирснийг тодруулах гэсэн боловч тодорхой мэдээлэл өгөх хүн олдсонгүй. Тус далангийн хойно байрлах 42а байрны жижүүр эмэгтэй “Манай байрнаас бохир ус халиагүй. Урд талын 60 дугаар байрны л худаг эвдэрсэн юм шиг байна лээ. Би мэргэжлийн хүн дуудаж үзүүлэхэд “бохирын худгууд хэвийн ажиллаж байна гэсэн” гэв.
Харин 60 дугаар байрны жижүүр “Цагаан сарын өмнө оршин суугчид “Бохир хальж, муухай үнэр үнэртээд байна” гэхээр нь дуудлага өгч үзүүлсэн. Гэхдээ тэр нь манай байрнаас болоогүй” гэлээ.
XVIII хорооны Засаг дарга Шагдаржаваас энэ талаар тодруулахад “42а байр манай хороонд хамаардаг. Даланд бохир ус дүүрч, хөлдсөн тухай одоо л сонсож байна. Анхааралдаа авъя” гэснээс өөрөөр аль байр “асуудалтай” буйг мэдэх ч үгүй байлаа.
Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ерөнхий инженер “Бохир гоожоод байна гээд байгаа ч аль байрны худгаас хальсныг мэдэхгүй. Ус сувгийн удирдах газрын заагийн зургаас л харах байх. Манай төв III, IV хорооллын 188 худгийг хариуцдаг.
Байрнаас гурван метр зайд байрлах худгууд үүнд багтана. 42 дугаар байрны гадна талын гурван худаг хэвийн байгаа. Далангийн урд талын байрнаас л гараад байна гэсэн. Би тэрийг нь хариуцдаггүй болохоор мэдэхгүй” гэлээ.
Ус сувгийн удирдах газрын ерөнхий инженер Д.Эрдэнэбатаас энэ тухай тодруулах гэсэн боловч “Мэдэхгүй” гэсэн хариулт өгсөн юм.
Хэн ч харсан ялгадас урсаж буйг төвөггүйхэн мэдэх атал хорооных нь Засаг даргаас эхлээд “мэдэхгүй, манайх биш” гэж амиа хаацайлахаас өөрөөр асуудалд бодитой хандахыг хүсэхгүй байсан нь харамсалтай. Урь орсон өдрүүдэд өнөөх бохир хайлж, шар ус урсаж эхлэхээр хүссэн, хүсээгүй анхаарал хандуулах л байх даа.
Ч.ТУЯА