Монгол улсаас Энэтхэг улсад суугаа Элчин сайдын яам, Энэтхэгийн Аялал жуулчлалын корпорацийн “Maurya” зочид буудалтай хамтран Шинэ Дели хотноо 2016 оны 2 дугаар сарын 20-28-ны өдрүүдэд Монголын өдрүүдийг зохион байгуулж байна.
Монгол улсын Элчин сайдын яам “Модерн Номадс”, ардын урлагийн “Түмэн эх” чуулгын дэмжлэгтэйгээр зохиож буй долоо хоног үргэлжлэх “Монголын өдрүүд” хэмээх энэхүү арга хэмжээг 2 дугаар сарын 22-нд Элчин сайд Г.Ганболд, “Maurya” зочид буудлын ерөнхий менежер З.Сонгадавала нар нээсэн байна.
Нээлтийн ёслолд Энэтхэгийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Гадаад хэргийн яам, Гадаад орнуудтай соёлоор харилцах зөвлөлийн болон Монгол улстай ажил хэргийн өргөн харилцаатай боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, бизнесийн байгууллагууд, Шинэ Дели хотоос хавсран хамаардаг Өмнөд Азийн улсуудын Элчин сайдууд, Дипломат тамгын газрын ажилтнууд, Мумбай, Чиннай, Колькутта хотод суугаа Монгол улсын Өргөмжит консулууд, Монгол улсын ЭСЯ-ны ажилтнууд, Энэтхэгт оршин суугаа монгол иргэдийн төлөөлөл оролцжээ.
Монгол орон, монгол үндэсний соёл, хоолны урлагийг Энэтхэгийн олон нийтэд таниулан сурталчлах энэхүү арга хэмжээ нь Монгол улсын тухай гэрэл зургийн болон гар урлалын бэсрэг үзэсгэлэн, ардын урлагийн тоглолт бүхий цогц үйл ажиллагаа болсноор үзэгч сонирхогчдын таашаалд нийцэж байна.
