Засгийн газрын энэ сарын 01-ний өдрийн ээлжит хуралдаанаар нүүрс экспортлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих үүднээс “Гадаадын зах зээлд борлуулсан нүүрсний АМНАТ-ийг гэрээний үнээс тооцож авах тухай” Засгийн газрын тогтоол болон “Гаалийн бүрдүүлэлтийн хураамж”-ийг бууруулах тухай Засгийн газрын шийдвэрийн төслүүдийг хэлэлцүүлэн батлуулсан билээ.
Ингэснээр АМНАТ болон Гаалийн хураамжаас улсын төсөвт оруулах орлого багасахаар харагдаж байгаа хэдий ч аж ахуйн нэгжийн орлогын албан татвар зэрэг төсөвт оруулах бусад татвар, төлбөр хэлбэрээр орох орлогын хэмжээ нэмэгдэж татварын суурь тэлнэ. Мөн нүүрсний уурхай болон түүнийг дагасан үйлчилгээний салбарт олон тооны ажлын байр хадгалагдаж үлдэх боломж бүрдэнэ. Нүүрс экспортлогч аж ахуйн нэгж нь борлуулсан нүүрснийхээ худалдааны гэрээ болон бусад холбогдох мэдээ, тайланг тогтоосон хугацаанд татварын албанд хүргүүлээгүй, буруу мэдээлсэн тохиолдолд АМНАТ-ийг “Жишиг үнэ”-ээр тооцож ногдуулна.