Монголын хүүхдийн төлөө байгууллагуудын үндэсний нэгдсэн холбооноос Хурдан морины “Дүнжингарав-2016” уралдааныг хүйтний улиралд зохион байгуулахыг эсэргүүцэж байна. Тухайлбал, тус уралдааныг энэ сарын 28-нд Төв аймагт зохион байгуулахаар болсон бөгөөд өнгөрсөн оны уралдаанд долоон хүүхэд мориноос унаж, нэг хүүхэд гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж байсан.
Энэ талаар холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ш.Одгэрэл хэлэхдээ “Бид Монголынхоо соёлынхоо үнэт зүйл рүү дайрч байгаа хэрэг биш. Гэхдээ энэ уралдаан соёлын гэхээсээ илүү арилжааны шинжтэй болсон байна. Монголчууд уламжлалдаа өвөл морь уралдуулж байсан түүх байдаггүй" гэсэн юм.