АНУ-ын Сан Диего хотод ирэх зургадугаар сард болох ой тогтоолтын дэлхийн шилдгүүдийн тулаанд манай улсаас зургаан тамирчин оролцох болжээ.
75.000 ам.долларын шагналын сантай, дэлхийн шилдэг 24 тамирчны дунд болдог тус тэмцээний урьдчилсан шалгаруулалтыг нэг сарын турш олон улсын хэмжээнд цахим сүлжээгээр явуулж дүнгээ гаргасан юм байна.
Эл шалгаруулалтын дүнгээр олон улсын их мастер Ө.Сэнгэсамдан, 2015 оны өсвөрийн дэлхийн аварга Э.Пүрэвжав, их мастер Б.Шижир-Эрдэнэ, олон улсын мастер Т.Энхжин, З.Цэцэгзул, А.Анударь нар дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх нь.
Урьдчилсан шалгаруулалтын үеэр олон улсын их мастер Э.Пүрэвжав 18.06 секундэд 80 цифр тогтоон, алдаагүй санаж, “Speed numbers” буюу “Тооны марафон” төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.
Ж.СУВДМАА