Зэвсэгт хүчний 337 дугаар анги буюу цэргийн нисэх ангийн нисдэг тэрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23-ны 20.40 цагийн үед осолдсон билээ.
ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлалаас баталсан удирдамжийн дагуу тус ангийн удирдлага, сургагч-багш нар ОХУ-д суралцаад ирсэн шинэ төгсөгч нар, дээрх командлалынхаа зарим албан тушаалтны хамтаар төлөвлөгөөт шөнийн нислэг хийж байгаад ангийн байрлалаас холгүй осолдсон юм.
Улмаар бортмеханик нь амиа алдаж, бусад 11 хүн гэмтсэн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, ИНЕГ-ын нислэг техникийн ослыг шинжлэн судлах байгууллагаас шинжээчид дүгнэлт гаргахаар ажиллаж буй талаар бид цаг тухайд нь мэдээлсэн.
ЗХЖШ, БХЯ-наас ослын шалтгаан нөхцөлийг тодруулаад хэвлэлийнхэнд мэдээлнэ гэж байсан ч хоёр сар өнгөрөхөд таг чиг. Тус штабын эх сурвалжууд “Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нисдэг тэрэг осолдсон шалтгаан нөхцөлийг ОХУ-ын мэргэжлийн байгууллагуудаар дүгнэлт гаргуулахаар болсон.
Хариу нь ч ирсэн. Яам, ЗХЖШ-ын удирдлага хав дарж буй бололтой. Дүгнэлтэд ослын шалтгааныг тухайн үед нисдэг тэргийг жолоодож явсан нисгэгчдийн буруугаас болсон тухай дурдсан байсан” гэв.
Харин ЗХЖШ-ын албаны хүмүүс “хариу ирээгүй” гэж байгаа юм. Бусад эх сурвалж “Дүгнэлтийг ихэд нууцалж байна. Батлан хамгаалахын сайдад мэдээлэл хүргүүлсэн байх учиртай” гэж байв.
Д.ДАЙЧИН