Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран ажиллахаар харилцан тохиролцож, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мэндбаяр, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч С.Ганбаатар нар санамж бичгийг үзэглэжээ.
Энэхүү санамж бичгийг 2009 оноос эхлэн жил бүр байгуулж ирсэн бөгөөд төр-хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан хөдөлмөрийн аюулгүй байдлыг зөрчсөнөөс үүдэлтэй үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, бууруулахад даатгалын тогтолцооны гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх зорилготой юм.
Хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн онд ажил олгогч, даатгуулагчдад нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан эрх, үүрэг, хариуцлагын талаар МАОЭНХ-гоор дамжуулан сурталчилах ажлыг тодорхой давтамжтай явуулсны дээр Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг боловсруулахад ажил олгогчдын саналыг тусгах чиглэлд хамтран ажилласан юм.
Аж ахуйн нэгж, байгууллага дахь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал эрхэлсэн зөвлөлүүд, салбар хороод, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагуудтай хамтран ажиллаж, давхардсан тоогоор 500 орчим байгууллагын 1000 гаруй ажилтныг сургалтад хамруулсан байна. Түүнчлэн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтыг жил бүр хамтран зохион байгуулж, нийтдээ 1000 гаруй байгууллагын 2600 орчим ажилтныг хамруулжээ.
Ослын даатгалын тогтолцоог сайжруулах олон улсын туршлага судлах, өөрийн улсад нэвтрүүлэх чиглэлд мөн хамтран ажилласан бөгөөд энэ жил тогтмол зохион байгуулдаг дээрх ажлуудаас гадна олон чиглэлд хамтран ажиллахаар санамж бичигт тусгасан болно.