Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны даргаар ажиллаж байсан И.Пүрэвцогт өөрийн хүсэлтээр Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагджээ. Тэрбээр уг албаны даргаар ажиллаж байхдаа нягтлан бодогч Б.Сарантуяатай бүлэглэн 2009-2012 оны хооронд алба хаагчдынхаа цалингаас 200 гаруй сая төгрөг завшиж, үрэгдүүлсэн хэрэгт буруутгагдсан юм.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан уг хэрэгт НПГ-аас Эрүүгийн хуулийн 150.3-т заасан эд хөрөнгө завшсан, 263.2-т заасан төрийн албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байв. Мөрдөн байцаалтын явцад ерөнхий нягтлан бодогч Б.Сарантуяа нь УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга, хурандаа И.Пүрэвцогтын тушаалаар 200 гаруй сая төгрөг шамшигдуулсан талаараа мэдүүлсэн.
Тухайлбал, УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга асан И.Пүрэвцогт ерөнхий нягтлан бодогчоороо 13 сая төгрөг цалин дээрээ илүү бодуулан авсан, тус албанд шалгагдаж байсан эрүүгийн хэргийн сэжигтэн, яллагдагчийн барьцааны мөнгө байршуулдаг дансанд байсан 25 сая төгрөг бүхий хадгаламжийн дэвтрийг банкинд барьцаалан, 15 сая төгрөгийн зээл авч, мөнгийг нь хувьдаа завшсан гэх мэт үйлдэл тогтоогдсон гэдэг.
Уг нь Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн есдүгээр зүйлийн “Өршөөлд хамруулахгүй байх нөхцөл”-д Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл заалт багтсан.
УЕПГ-т хэлтсийн дарга хүртэлх алба хашиж байсан түүнийг шүүх, прокурорын байгууллагынхан ямар нэг аргаар албан тушаалаа урвуулсан үйлдлийг нь хэрэгсэхгүй болгож чадсан аж. Харин эд хөрөнгө завшсан үйлдэл нь Өршөөлийн хуульд хамрагдахаар хуульчилсан.
Өршөөлд хамрагдаж байгаа нөхцөлд хохирлоо нөхөн төлөх ёстой. Харин И.Пүрэвцогт, Б.Сарантуяа нарын улсад учруулсан хохирлыг нь иргэний нэхэмжлэгчийн хувьд УЕПГ нэхэмжилж авсан, эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Г.РАВЖАА