Европын холбооны Гадаад харилцааны албаны АСЕМ-ын асуудал хариуцсан ахлах зөвлөх Майкл Мэтиссэн тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, Монгол Улсыг АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах асуудлаар тууштай дэмжихээ илэрхийлэв.
Ингэхдээ тэрбээр “АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулна гэдэг зөвхөн Монгол гэлтгүй ямар ч улсын хувьд томоохон сорилт юм. Монгол Улсын хувьд бэлтгэл ажлыг сайн хангаж байна.
Монголын Засгийн газар олон улсын бага хурал зохион байгуулж байсан туршлагатай. Тухайлбал, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын бага хурал, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын парламентын бага хурлыг зохион байгуулж байсан” хэмээн онцолсон.
Ноён Майкл Мэтиссэн Монголд хоёр дахь удаагаа айлчилж буй бөгөөд манай улс АСЕМ-ын дээд түвшний уулзалтад бэлтгэх ажлын явцтай танилцаж, зөвлөгөө өгөх зорилгоор ирсэн аж.
Айлчлалын хүрээнд тэрбээр дагалдан яваа төлөөлөгчдийн хамтаар Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, АСЕМ-ын бэлтгэл ажлын албаны дарга Д.Ганхуяг болон бусад ажил хариуцсан хүмүүстэй уулзсан.
Түүнийг дагалдан яваа зарим төлөөлөгч Улаанбаатарт үлдэж, АСЕМ-ын уулзалтыг дуусах хүртэл манай АСЕМ-ын бэлтгэл ажлын албатай хамтран ажиллах юм байна.
Дашрамд дурдахад, долдугаар сард болох дээд түвшний уулзалтыг угтсан есөн арга хэмжээ бий. Эхнийх нь ирэх дөрөвдүгээр сарын 21, 22-нд болох парламентын түвшний уулзалт юм.
Одоогоор уг уулзалтад 20 орчим улс оролцохоо илэрхийлсний дотор нэлээд хэдэн орны спикер багтжээ. Үүний дараа зургадугаар сарын дундуур Сангийн сайд нарын уулзалдана. Цаашлаад сар бүр АСЕМ-ыг угтсан уулзалтыг тогтмол зохион байгуулах юм.