Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Швейцарь Улсын Женев хотноо Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай НҮБ-ын Конвенцийн хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын 8 ба 9 дүгээр нэгтгэсэн илтгэлтийг хэлэлцүүлэн тайлагналаа. Тус тайлангийн хуралд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын Төрийн нарийн бичгийн дарга Г.Нарангэрэл, Жендэрийн ажлын албаны дарга Т.Рэнцэнханд болон албаны бусад төлөөлөл оролцлоо.
Энэхүү Конвенци нь эрэгтэй, эмэгтэйчүүдийг эдийн засаг, нийгэм, соёл, иргэний болон улс төрийн зэрэг бүхий л эрхийг тэгш эдлэх эрхээр хангах, тэгш эрхийг хөхиүлэн дэмжихэд чиглэсэн олон улсын гэрээ юм.
Дээрх Конвенцийн хэрэгжилтийг тайлагнан хэлэлцэх хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид Засгийн газраас авч хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны үр дүнд хүрсэн ололт амжилт, сорилтын талаар мэдээлж, эмэгтэйчүүдийн эрх, хөгжлийг хангах харилцааг зохицуулсан эрх зүйн орчныг шинэчлэх чиглэлээр хүчин чармайлт гарган ажиллаж байгааг онцлон тэмдэглэв. Ийнхүү эмэгтэйчүүдийн аж байдал, улс төр, нийгэмд эзлэх байр суурь, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, хууль эрх зүй болон тэдэнд тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцүүлж, Конвенцийн зүйл тус бүр бүрээр экспертүүдийн асуултад хариуллаа.
Энэхүү хуралдаанаар Хорооны гишүүд эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн эрхийг хангах, түүний дотор хууль эрх зүйн орчныг сайжруулах, боловсронгуй болгох чиглэлээр Монгол Улсын гаргаж буй хүчин чармайлтыг сайшаасан юм. Улмаар тэдгээр хуулиудын бодитой хэрэгжилтийг хангах, хүний эрхийг бүрэн дүүрэн хангахад чиглэсэн хууль тогтоомжоо үргэлжлүүлэн сайжруулахад илүүтэй анхаарал хандуулахыг зөвлөлөө.
Монгол Улсын илтгэлтэй холбогдуулан Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн хорооноос гаргасан дүгнэлт зөвлөмжийг манай улсад хүргүүлэх бөгөөд, гишүүн орны хувьд энэхүү зөвлөмжийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газраас анхаарч ажиллана.