УИХ орчмоор уур амьсгалын өөрчлөлт ажиглагдах болов. Эрхэм түшээдийн чих зөөлрөөд л, дөрвөн жилийн өмнө хэнийг төлөөлж сонгогдсоноо ойр ойрхон дурсаад л, иргэдээ хайрлая, халамжилъя, тэтгэе гэсэн үгс амнаас нь урсаад л... Энэ бол сонгууль хаалга тогшиж буйн баталгаа.
Эдийн засаг хэцүүдлээ, иргэдийн амьдрал доройтлоо. Тиймээс ядарсан иргэддээ халамж, тэтгэмж өгье, ачааг нь хөнгөлье гэх агуулгатай хуулийн төслийг түрүүчээсээ өргөн барьж байна.
Шууд бэлэн мөнгө амлах, санал худалдаж авах нь хуулиар хориотой ч эрх мэдлээ ашиглаад хуулийн хүрээнд “санал худалдаж авах” боломжоо намууд ашиглаад эхэлчихсэн.
УИХ дахь МАН-ын бүлгээс Өрх толгойлсон ганц бие эцэг, эхэд нийгмийн халамж үзүүлэх тухай хуулийн төсөл санаачилсан байна. Манай улсад 18 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон ээж 40.500, аав 8000 байдаг аж.
Олон хүүхэдтэй, орлого багатай өрх толгойлсон ээж, аавуудад энэ мэдээ таатай дуулдана. Нөгөө талаар халамжийг туйлшруулах нь “Төр нь та нарыгаа тэжээнэ ээ, алгаа тосоод гэдсээ илээд хэвт” гэсэнтэй утга нэг дуулддаг. Мөн энэ төсөл нийгмийн хамгийн чухал нэгж болох гэр бүлийг салгах эрсдэл дагуулна гэх болгоомжлол бий болов.
БОДЛОГО БИШ, САНАЛ ЧУХАЛ
2015 онд нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд шинээр 5000 орчим хос гэрлэлтээ бүртгүүлсэн бол нөгөө талд нь 2200 хос гэр бүлээ цуцлуулсан гэх судалгаа гарчээ. Энэ үнэхээр эмгэнэл. Гэр бүл болж, үр хүүхэд гаргах нь зүгээр л тоглоом болчихож. Хүнээ танилгүй суусан, үнэхээр таарч тохирохоо больсон гээд салсан шалтгаан олон байх.
Тэгвэл анхнаас нь гэр бүлийн боловсрол олгох, төлөвлөх, нийгмийн энэ чухал нэгжээ тогтвортой байлгах, улмаар хүн амаа өсгөх тууштай, уялдаатай бодлого манай улсад алга. Монголчууд өнгөрсөн онд гурван сая дахь иргэнээ өлгийдөн авч, хөөр баяр болж байлаа. 30 орчим жилийн дараа хүн амаа нэг саяар нэмсэн учраас тэр.
Энэ хурдаар бол дөрвөн саяулаа болохын тулд дахин өдий хугацаанд хүлээх хэрэгтэй болох нь. Хүн амаа өсгөх бодлогын хүрээнд хүүхэд бүрт сард 20 мянган төгрөг олгож буй. Гэвч шинэ иргэд маань тогтвортой, халуун дулаан уур амьсгалтай гэр бүлд төрж, өсөх эрхтэй гэдгийг хууль тогтоогчид бодолцсонгүй.
Харин ч эсрэг алхам хийж байгаа юм. МАН-ынхан дээрх хуулийн төсөл боловсруулсан тухайгаа мэдэгдсэн даруйд цахим сүлжээгээр “Төр зүгээр мөнгө өгье гэж байхад эхнэрээсээ түр салаад хоёр талд өнөөх тэтгэмжийг нь авчихдаг хэрэг ээ” гэсэн наргиа сэтгэгдэл хөвөрч эхэлсэн. Зарим нь наргиж байж болох ч үүнийг “ажил хэрэг” болгох хүн цөөнгүй олдоно. Ийм туршлага бидэнд бий.
2006 онд Эх, хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх хуулийг УИХ баталсан. Үүний дагуу хүүхэд бүрт сард 3000, улиралд 25000, шинээр төрсөн хүүхдэд 100000, шинэ гэр бүлд 500 мянган төгрөг өгдөг болсны ачаар 2006-2007 онд Монголд гэр бүл бологчдын тоо огцом нэмэгдэв.
Харамсалтай нь үүний ихэнх хувь нь төрөөс өгч буй мөнгийг хувааж авах өнгөцхөн сонирхолтой, хуурамч гэр бүл байсан юм. Үүнийг авахын тулд найз нар, хамаатны болон бүр огт танихгүй хүмүүс ч хоорондоо гэрлэсэн тохиолдол олон гарсан.
Мэдээж хуурамч гэр бүлүүд удалгүй салж, дараа жилд нь салалтын тоо бас эрс нэмэгдсэн байдаг. Гэрлэж болсон юм, салж ядах юмгүй. Ийм л алхамд МАН иргэдээ уриалж байна. Зөвхөн өнөөдөртөө сонгогчдоос оноо авах, санал татах л зорилготой, сонгуульд зориулсан хууль гэсэн үг.
МӨНГӨ ӨГӨХ БИШ, ТҮҮНИЙГ ОЛОХ АРГЫГ ЗАА
2006 оноос эхэлсэн хүүхэд, ээж, шинэ гэр бүлд зориулсан халамжийн хэмжээ өссөөр 2008 онд эх орны хишиг гэж хүнд бүрт 1.5 сая төгрөг олгохоор болсон нь популист амлалтын оргил үе байлаа.
Тавантолгойн уурхайн нүүрсийг барьцаалж, БНХАУ-ын төрийн өмчит “Чалко” компаниас авсан 350 сая ам.долларын урьдчилгаа төлбөрөөс 310 сая долларыг нь уг амлалтдаа хүрэхийн тулд зарцуулчихсан. Дараа нь өнөөх уурхайгаа ажиллуулахын тулд энд тэндээс баахан зээл босгоход хүрсэн.
Ийм л тэнэг хүмүүс дээ. Өнөөдөр УИХ-д овоо хэдэн суудал авч л байвал маргаашийн өр, эдийн засаг хүндрэх энэ тэр сонин биш. Энэ гажуудлаа засах гэж 2011 онд Сонгуулийн хуульд мөнгөн амлалт өгөхийг хориглосон заалт оруулсан.
Гэвч нэгнээсээ илүүрхэж амлах, санал худалдаж авах оролдлого, намуудын уралдаан тасрахгүй нь. Өнөөх амлалтаа халамж болгон хувиргаж, хуульчлаад л гүйцээ. Хуулийн хүрээнд хууль зөрчиж буйг нь хэн нэгэн шүүхгүй.
АН-ынхан орон сууцны зээлийн найман хувийн хүүг тав болгоно хэмээн амлалаа. Мэдээж ажил болбол зээлтэй олон мянган иргэнд маш хэрэгтэй. Гэвч мэргэжлийнхэн нь ингэвэл эдийн засаг эрсдэлд орно гэж буй. Саяхан Засгийн газар малчдын зээлийн хүүг 30-18 хувь болгон бууруулсан. Малчдад хэрэгтэй.
Одоо өрх толгойлсон ээж, аавд мөнгө өгөх нь ч тэр хүмүүст чухал. Гэхдээ эндээс гарч болох нийгэм, эдийн засгийн үр уршгийг тооцохгүй байгаа нь эмгэнэл. Төр одоо ч иргэдээ зохист хэмжээгээр халамжилж, тэтгэвэр, тэтгэмж олгож байгаа. Үүн дээр нэмж эрхлүүлэх албагүй. Тийм үүрэг ч үгүй.
Харин үүний оронд үйлдвэр, ажлын байр бий болгох, хэтэрхий завтай олон мянган залууг ажилтай болгоход санаа тавих үүрэгтэй. Оюутнуудад сар бүр 70 мянган төгрөгийн тэтгэмж хавтгайруулан олгоод юу болов. “70” буусан өдөр баар, цэнгээний газрууд оюутнуудаар дүүрч, гудамж талбай согтуу залуусаар хахдаг.
Гэмт хэрэг, зөрчил тэр хэрээр даамжирдаг. Цөөн зарим нь амьдрал, боловсролдоо нэмэрлэдэг л байх. Хүн бүрт 21.000 төгрөг эх орны хишиг болгон өгөөд яасан, мөн л мөнгө буусан өдөр согтуу, хэрүүл зодоон хийж, эхнэр хүүхдээ айлгаж ичээгчдийн тоо нэмэгддэг л байсан шүү дээ.
Халамжаар монголчуудыг хүмүүжүүлэхгүй, харин улам ч задраана. Хүнд үнэхээр тусалъя гэвэл мөнгө өгөх биш, түүнийг олох аргыг заа гэдэг байх аа. Тиймээс хөдөлмөрлөх, орлоготой байх боломжоор нь хангаад өг.
Гэр бүлийг батжуулах, хүүхдийг зөв, элэг бүтэн гэр бүлд өсгөх, иргэдээ ажилтай, орлоготой байлгах боломжийг бүрдүүлэх гэж л та нарыг УИХ-д сонгосон юм шүү дээ, уг нь.
С.ТУУЛ