Увс, Баян-Өлгий аймагт энэ сарын 26, 27-нд газар хүчтэй хөдөлжээ. Увс аймгийн Тариалан сумаас баруун хойш 39 км-т өнгөрсөн баасан гаригийн орой газар 4.1 магнитуд хүчтэй хөдөлсөн байна.
Энэхүү хүчтэй чичирхийлэл Тариалан сумынхнаас гадна Улаангомын орон сууцанд амьдардаг иргэдэд ор нь хөдлөх, тавилганы хаалга гэнэт онгойх зэргээр мэдрэгдсэний дээр өндөр настай зарим хүний дотор муухайрч, даралт нь ихэссэн тухай нутгийнхан мэдээллээ.
Үүний маргааш Баян-Өлгий аймгийн Алтанцөгцөөс баруун хойд зүгт 21 км-т газар 2.6 магнитуд хүчтэй хөдөлсөн аж. Нэг өдрийн зайтай хоёр удаа газар хөдөлсөн нь хоорондоо холбоотой эсэхийг Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Мөнгөнсүрэнгээс тодруулахад “Энэ хоёр голомт нэг эх үүсвэрээс улбаатай биш. Гэхдээ газар зүйн байрлалын хувьд ойролцоо нутаг. Ер нь Увс аймгийн Тариалан, Улаангом болон Баян-Өлгийн Алтанцөгц сум орчимд газар хөдлөлийн идэвхтэй голомт бий” хэмээв.
Л.ЧИМЭГ