Харин өнгөрсөн хугацаанд татвараа төлөөгүй жолоочийн тээврийн хэрэгслийг маргаашнаас эхлэн замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар шийдвэр гаргасан байна.
Энэ талаар Замын цагдаагийн газраас тодруулахад "Зам тээврийн хөдөлгөөнд оролцож буй бүх жолооч нар ирэх зургаадугаар сарын дотор тээврийн хэрэгслийнхээ татвараа төлөх ёстой. Зарим иргэд өнгөрсөн оны зургаа, долдугаар сард төлсөн учраас татвараа тэр хугацаанд нь төлнө гэсэн буруу ойлголттой явж байна. Өөрөөр хэлбэл, таны тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн орон нь 1,6 тоогоор төгссөн бол Нэгдүгээр сард, 2,7 тоогоор төгссөн бол Хоёрдугаар сард төлнө. Хэрэв дээрх дугаараар төгссөн тээврийн хэрэгслүүд төлөөгүй бол гуравдугаар сарын 1-нээс буюу маргаашнаас торгох, оноо хасах арга хэмжээг авна" гэв.
Одоогоор тээврийн хэрэгслийн татвар төлөлтийн явц 59,7 хувьтай, агаарын бохирдлын төлбөр хураах ажлын явц 53,3 хувьтай, авто зам ашигласны төлбөрийн явц 64,5 хувьтай байгаа аж.
Тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажлыг иргэдэд аль болох хүндрэл учруулахгүйгээр дүүргүүдийн татварын албаны нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан авч байгаа юм.
Албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг хураан барагдуулах, хариуцлага тооцох эрчимжүүлсэн хяналтын үзлэг, шалгалтыг зургадугаар сарын 10- 24-нийг хүртэл зохион байгуулах аж. Энэ өдрүүдээс хойш татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй ажээ.