Монголын оюутны холбоо үүсэн байгуулагдсаны 73 жилийн ой, оюутны өөрийн удирдах байгууллагын өдөр болох гуравдугаар сарын 4-ний өдөр МОХ-оос оюутнуудын тайван жагсаалыг оюутны талбайд зохион байгуулахаа өнөөдөр мэдэгдлээ.
Тодруулбал, МОХ-ны дэд ерөнхийлөгч Н.Санчирбаатарын хэлснээр Монгол Улсад их, дээд сургууль, коллежид суралцагч оюутан залуусын нийгмийн үнэлэмж унаж, төр засгаас үнэ төлбөргүй зүйл нэхдэг давхарга мэт болон гадуурхагдаад удаж байгаа юм. Иймд МОХ-оос оюутны эрхийн өдрийг угтан “Эрх нь хамгаалагдаж, ялгаварлалаас ангид оюутан” сэдвийн хүрээнд болон “21.700 оюутныг ажлын байртай болгох нь” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Тиймээс МОХ-оос 2015 оны 11, 12 дугаар сард 18.000 оюутанг хамруулан явуулсан “Оюутны хөдөлмөрлөх эрх” санал асуулга судалгааны дүгнэлтийг үндэслэн дээрх үндэсний хөтөлбөрийг боловсруулан УИХ, Засгийн газарт хүргүүлэх юм байна.
Мөн түүнчлэн МОХ-ны дэд ерөнхийлөгч З.Төмөртөмөө хэлэхдээ “АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах оюутан хөтлөгч, орчуулагчаар болон урлаг, соёлын арга хэмжээ, хот тохижилт зэрэг ажлуудад оюутнуудыг ажиллуулах хүсэлтэй байна. Өөрөөр хэлбэл, МОХ-ын АСЕМ-ын уулзалтад бэлтгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орон ажиллаж байгаа. Тиймээс оюутнууд www.icv.mn сайт руу ороод анкет бөглөөд, өөрт тохирсон ажлыг хийх бүрэн боломжтой юм.