Д.Жавзмаа эмээ гучтайгаа лааны гэрэлд
Хэн нэгэнд хүсээд ч олдохгүй урт нас, өөр нэгний хувьд хэтэрхий удаан, зовлонтой санагдах. Хэдийгээр нэг нь үлдэж, нөгөөх нь “явах”-ыг хүссэн ч эсрэгээр болох магадлалтай нь хамгийн гаслантай. Нэг гэрийн баруун, зүүн талд нэг нэгнийхээ зүрхний цохилт, ёолох дууг чагнан хэвтэх эмээ, ач хоёр.
Хотын төвөөс нэлээд зайдуу Улиастайн эцэст жижигхэн бор гэртээ энэ насны амьдралын сүүлчийнхээ жилүүдийг өнгөрүүлж байгаа энэ буурайг Д.Жавзмаа гэдэг.
87 настай энэ хүнд нарт хорвоод удаан амьдрах хувь заяасан ч жаргахаасаа зовсон нь олон. Амьдралынхаа жаргалыг залуу насандаа эдэлсэн тэрбээр Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уугуул. Эцэг, эхээсээ түшиж тулах ах, дүүгүй ганцаараа тэрбээр удам дамжсан уртын дуучин төдийгүй авьяаслаг хөгжимчин.
Түүний аав Ц.Чимэдцэрэн сайхан дуулдаг хүн байжээ. Мөн алдарт уртын дуучин Ж.Дорждагва агсны багш нь аж. Д.Жавзмаа “Миний аав Өмнөговь аймгийн нэг хийдэд шавилан сууж байхдаа Ж.Дорждагватай танилцсан гэсэн.
Түүнд хийдийн ойролцоох нэг агуйд уртын дуу нууцаар заадаг байсан гэсэн. Намайг долоон настай байхад аавыг минь хоёр нагац ахтай нь хамт хэлмэгдүүлсэн юм” гэв. Төрөлхийн сайхан хоолой, хөгжмийн мэдрэмжтэй Д.Жавзмаа бага сургуульд байхдаа гармон, мандалин хөгжмийг хэнээр ч заалгахгүй өөрөө сурчээ.
Мөн шанз хөгжмийг гарамгай сайн тоглодог байсан аж. Сум, аймагтаа болж буй урлагийн наадам бүрт оролцдог байсан тэрбээр сайн дурын уран сайханч байж байгаад 1958 онд Дундговь аймгийн Соёлын ордонд дуучин, хөгжимчнөөр оржээ. Дуулж, хөгжим тоглоод зогсохгүй муугүй жүжигчин байсан тул тайз, дэлгэцийн хэд хэдэнд бүтээлд гол ба туслах дүр бүтээсэн байна.
Тэрбээр “Шинэ хотын гэрэл”, “Талын цуурай”, “Эргүнэ хунгийн домог”, “Жаргал даахгүйн зовлон” зэрэг кинонд туслах дүр бүтээсэн. Түүний хань нь “Хүний сайхан сэтгэл”, “Өглөө”, “Хатанбаатар Магсаржав” зэрэг кинонд тоглосон жүжигчин Д.Сэдэд. Хүүхдийн төв театрт олон жил ажилласан тэрбээр Төрийн шагналт, жүжигчин Ц.Төмөрбаатар, Гавьяат жүжигчин Ё.Цог, жүжигчин Ж.Сүххуяг нарын багш юм билээ.
Д.Жавзмаа ханьтайгаа хамтарч “Эцсийн тушаал” телевизийн жүжгийн гол дүр бүтээсэн нь амьдралынх нь амттай дурсамжуудын нэг. Хамгийн сүүлд тэд Чингүнжавын тухай кинонд хамтарч тогложээ. Харамсалтай нь Д.Сэдэд киногоо дэлгэцэнд гарахыг үзэж амжилгүй бурхны орон руу одсон аж.
Д.Сэдэд, Д.Жавзмаа нар ганц хүүтэй. Нүдний цөцгий мэт энхрийлж өсгөсөн хүү нь даанч залуугаараа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Сэтгэлийг нь дэвтээх таван ач охин үлдсэн ч эмээдээ түшиг болохоосоо тээг болох нь олон. Тэд нь муу ханьтай учирсны хар гайгаар бор дарсанд оржээ.
Нэг ач нь тэдний хашаанд байдаг ч гэртээ үзэгдэх нь ховор. Өсвөр болон бага насны хоёр охин нь эмээгийнхээ цай хоолыг дөхүүлдэг. Бас нэг ач нь өнгөрсөн жил нас баржээ. Нөгөө хоёрыг нь хаана, юу хийж явааг мэдэхгүй. Ямартаа ч нэг нь Өвөрхангайд байгаа сураг сонсогдсон аж.
Эмээгээ халамжилж, түшиг болдог ганц ач нь Хонгорзул. Хүүгийнх нь хоёр дахь охин болж мэндэлсэн түүнийг бага байхад өвөөгийнх нь нэрээр овогложээ. Амьдрал дэндүү хатуу... Эмээгийнхээ хөлийг хучдаг ганц ач нь хөхний хорт хавдартай аж. Хонгорзулын өвчин нь удамшлынх бөгөөд түүний ээж, эмээ нь хөхний хорт хавдраар нас баржээ.
Дөч дөнгөж хүрч яваа ч, даашгүй их зовлон амссан Хонгорзул гурван хүүтэй. Түүний нөхөр хэдэн жилийн өмнө өөд болсон байна. Өвчиндөө шаналсан ч настай эмээдээ хань болох гээд бага хүүгээ дагуулан хааяа ирдэг гэнэ.
Түүний том хүү нүүрс зөөх ажил хийдэг бол дундах нь сургуульд сурдаг. Хонгорзул “Би эмээ, өвөөтэйгөө өссөн болохоор дүү нартайгаа дотно байдаггүй. Гурван хүү минь аавынхаа хамаатныд байгаа. Манайх Чингэлтэйд байдаг. Би тохижилт, үйлчилгээний компанид ажиллаж байгаад гарсан. Хорт хавдартай гэдгээ оройтож мэдсэн. р
Дөрөвдүгээр шатандаа орсон. Химийн эмчилгээ их хийсэн. Ойрын үед шинжилгээ аваад өөр эмчилгээ хийнэ гэсэн. Хавдар нь хагарчихсан болохоор удахгүй хагалгаа хийх байх. Хэзээ гэдэг нь тодорхойгүй байгаа” гэснээс өөр зүйл яриагүй.
Их ярих тэнхээ ч байгаагүй. Химийн эмчилгээ хийлгээд огт үсгүй болж, бөөлжөөд олигтой хоол идэж чаддаггүй болохоор тамирдаж сульдсан түүнийг анх хараад жаахан хөвгүүн унтаж байна гэж эндүүрсэн юм.
П.Жавзмаа эмээ ачийнхаа эмчилгээнд хэрэглэхээр тэтгэврээ ирэх арваннэгдүгээр сар хүртэл зээлжээ. Тэтгэвэр нь сарын 230 орчим мянган төгрөг аж. Асаргааны мөнгө гэж сард 58 мянган төгрөг авдаг юм байна. Түүгээрээ л өл залгуулж буй.
Д.Жавзмаа “Ямар нүгэл үйлдсэн болоод миний амьдралд ийм зовлон тохиож байгааг мэдэхгүй юм. Хүү маань цэрэгт яваад ирэхдээ зүүн аймгаас нэг хүүхэн дагуулж ирсэн. Нутагтаа ирээд өөр нэг бүсгүйтэй учирч, нөгөө хүүхнээ нутаг буцаасан юм. Тэр хүүхэн л бидэнд хараал хийсэн юм шиг байна лээ.
Явахдаа хэлсэн үгийг нь бодохоор тэгж санагддаг. Би ч үзэх ёстойгоо үзэж, туулах замаа туулсан. Хангалттай урт насаллаа. Одоо “явбал” харамсах зүйлгүй ээ. Энэ ачийнхаа сүүлд л орчихгүй юм сан гэж бодох юм. Бусад ач нараа бодохоор даанч яав даа гэхээс өөр юу хэлэх вэ. Уг нь би арав гаруй гучтай. Заримыг нь хараагүй.
Дэргэд байгаа хоёр гуч минь л хөл хучиж байна даа. Тэд байхгүй бол Хонгорзул бид хоёр галаа түлж, хоолоо ч хийж чадахгүй. Би ясны архаг сийрэгжилттэй. Гар, хөл, нуруу гээд хугараагүй газар бараг үгүй. Өнгөрсөн зун гэрийнхээ үүдэнд ойчоод хөлөө хугалчихсан. Ясны сийрэгжилттэй болохоор гипсдэж, хадаагүй.
Эмнэлэгт гурав хоног хэвтсэн. Эмчилгээгүй болохоор “Та өөрөө эдгээ” гэсэн. Хэдэн сар хэвтэрт байж, саяхнаас босож суудаг болсон. Хөдөлгөхгүй байсаар хөл хөшөөд сайн явж чадахгүй байгаа. Яс хугарч, амь аврагддаг юм гэнэ лээ” хэмээсэн.
Тэрбээр Хан-Уул дүүргийн Соёлын ордонд ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад суужээ. Өнгөрсөн жил тус дүүргийн 50 жилийн ойн хүрээнд зохиогдсон ардын богино дууны уралдаанд оролцож, сүүлчийн шатанд шалгарсан байна. Тайзан дээр гараагүй нэлээд удсан болохоор сэтгэл нь их догдолжээ.
Харамсалтай нь гала тоглолтод оролцох өдрөө хөлөө хугалчихсан аж. Д.Жавзмаа эмээг эргэж тойрдог хүн бараг үгүй. Ханийг нь амьд сэрүүн байхад урлаг, соёлынхон нэлээд ирдэг байсан ч өнгөрснөөс нь хойш хэн ч үзэгдээгүй гэнэ.
Харин Цагаан сарын өмнө “Монгол хүний төлөө хамтдаа” ТББ-ынхан ирж, хоол хүнс болоод бусад хэрэгцээтэй зүйлээр тусалжээ. Тэд эмээгийн тогны төлбөрийг төлж, цахилгааныг нь залгуулахаар хандив цуглуулж буй.
Найдвар тасарсан цагт нь сэтгэлийн дэм өгч тусалж байгаа тус байгууллагынханд Д.Жавзмаа эмээ үнэхээр талархаж буйгаа хэлсэн.
П.ТУНГАЛАГ