БНСУ-ын “Freegood Mines” компани манай улсын өмнөд зүгт оршдог алт, зэсийн “Өндөр наран” төсөл 12.4 тонн алтны нөөцтэйг Монголын Засгийн газар баталгаажуулсан гэж мэдээлснийг businesswire.com цахим хуудсанд бичжээ.
Алтны дөрвөн орд газрын нэг бүсэд 11.000 метрийн гүнд 68 цооног өрөмдөж, уг нөөцийг тогтоосныг “Freegood Mines”-ийн гүйцэтгэх захирал Сук Мин О ярьсан байна. Тэрбээр үлдэх гурван ордод өрөмдлөг хийсний дараа нөөцийн хэмжээ 30 тоннд хүрэх боломжтой, “Өндөр наран” нь томоохон нөөцтэй “Оюутолгой” төслийн өөр нэгэн хувилбар гэдэгт итгэлтэй буйгаа мөн илэрхийлжээ.
Түүнчлэн зах зээл дэх алтны ханш өсөн, Монголд газрын тосны үнэ хямдарч, ажиллах хүчний зардал буурч, төгрөгийн ханш суларсан зэрэг нь алт үйлдвэрлэлийн салбарт эргэлт болно гэж дурдсан байна.
Дээрх ордод олборлолтоо эхлүүлэхээс өмнө “Freegood Mines” бүтцийн өөрчлөлт болон биржид IPO хийх талаар гадаадын зөвлөх компанитай ажиллах аж.
Тус компани Хонконгийн хөрөнгийн биржид хувьцаа арилжихаар төлөвлөж байгаа бөгөөд санхүү, техникийн тусламж үзүүлэх дэлхийн уул уурхайн компаниудтай стратегийн түншлэл байгуулахаар хэлэлцэж буй юм байна.
Ц.БОЛОР