Эрүүл ахуйн тухай хуулийг шинэчлэн найруулж, өнөөдрөөс хэрэгжүүлж эхэллээ. УИХ-ын 1998 оны тавдугаар сарын 7-ны чуулганаар Ариун цэврийн тухай хуулийг баталснаар хүний эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрх хангагдсан гэж үздэг. Өнгөрсөн хугацаанд уг хуульд тав дахиа нэмэлт өөрчлөлт оруулж буй нь энэ. Ариун цэврийн тухай хуулийг Эрүүл ахуйн болгон шинэчлэн, хэрэгжүүлэхтэй холбогдуулан ЭМСЯ-ны удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийв.
1956 онд Улаабаатар хотод улсын нийт хүм амын 14 хувь нь оршин сууж байсан бол 2012 онд 45.8 хувь нь, өдгөө 1.2 сая хүн амьдарч байна. Нэг ам километр талбайд 262 хүн ногддог болж, ачаалал нэмэгдсэнийг Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа тодотгосон. Тэрбээр “Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, азотын давхар исэл, хүхэрлэг хий, хар тугалга болон нарийн ширхэгт тоосонцор зөвшөөрч болох хэмжээнээс хэд дахин өндөр байгаа. Түүнчлэн үйлдвэрийн болон ахуйн хог хаягдал, бие засах газар, муу усны нүх нэмэгдсэнээр хөрсний бохирдол аюулын хэмжээнд хүрсэн. Сургууль, цэцэрлэгийн эрүүл ахуйн нөхцөл бүрэн хангагдаагүй, анги, бүлгийн агааржуулалт, гэрэлтүүлэг хангалтгүй, ариун цэврийн тоноглолд ногдох хүүхдийн тоо нормоос хэтэрсэн зэрэг нь Ариун цэврийн тухай хуулийг шинэчлэх шалтгаан болсон” гэж ярив.
Эрүүл ахуйн тухай хууль зөрчсөн иргэнийг 5000-1.000.000, хуулийн этгээдийг 1-3 сая төгрөгөөр торгохоор заажээ. Тодруулбал, гудамжинд нус цэрээ хаявал 5000 төгрөгөөр торгоно. Гэхдээ иргэдийг торгох гэхээсээ хохирол барагдуулах, зөрчлийг нь арилгуулахыг чухалчилна гэсэн. Хуулийн хэрэгжилтэд олон нийт, цагдаагийн албан хаагчид, сайн дурынхан хяналт тавих аж. Түүнчлэн ЭМСЯ гэр хорооллын жорлонд тавигдах дөрвөн стандартыг Стандартчилал хэмжил зүйн газраар батлуулжээ.