Монголчууд эмийг хор байдлаар хэрэглэдэг явдал гаарсныг МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж хэлэв. “Ханиад хүрэв үү, үгүй юү хаа тааралдсан эмийн сангаасаа антибиотик аваад уух нь энгийн үзэгдэл. Үүнээс болоод том, жижиггүй антибиотикт дасаж, өвчин нь баргийн эмэнд намдахаа больсон” гэж тэрбээр давхар тодотгоно лээ. Тиймээс МХЕГ-ынхан монгол хүний ген, дархлааг хамгаалахын тулд “Эмийн зохистой хэрэглээ” аяныг ирэх дөрөвдүгээр сарын 1 хүртэл өрнүүлж буйгаа өнөөдөр олон нийтэд мэдээлэв.
Өнгөрсөн жил МХЕГ эмийн үйлдвэр, ханган нийлүүлэгчдийг шалгажээ. Шалгалтад эмийн 32 үйлдвэрийн 83.3, эм ханган нийлүүлэх 252 байгууллагын 90.4, 1688 эмийн сангийн 30 орчим хувийг хамруулахад нэлээд хэдэн зөрчил илэрсэн байна. Эмийн 27 үйлдвэрийн зах зээлд нийлүүлж буй 1176 нэр төрлийн (давхардсан тоогоор) эм, биологийн идэвхит бүтээгдэхүүний 71.4 хувь нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй, тэн хагас нь шаардлага хангасан лабораторигүй байжээ. Мөн эмийн гаж нөлөө, чанар, аюулгүй байдлыг судалдаг үйлдвэр бараг байгаагүй аж. Эм ханган нийлүүлэх байгууллагуудын импортоор оруулж ирсэн 3584 нэр төрлийн эмийг шалгахад 27 хувьд нь хадгалах горим зөрчсөн, 57.5 хувьд нь тээвэрлэх хяналт хийгээгүй, дөрвөн аймагт хугацаа нь дууссан, чанарын шаардлага хангаагүй эм нийлүүлсэн ноцтой зөрчил илэрсэн байна. Түүнчлэн нийслэл, орон нутгийн 31 эмийн санд хугацаа нь дууссан эм борлуулж байжээ. Жороор олгодог эмийг эмчийн бичиггүй, андуурч, өөр үйлчилгээтэй эм өгсөн нь ч байна. Бүртгэлгүй 129, хугацаа нь дууссан 192, хаяг шошгоны зөрчилтэй 134, нийт 468 нэр төрлийн эмийг хэдэн сая ширхгээр нь борлуулж байсныг уг шалгалтаар илрүүлжээ.
Тиймээс МХЕГ сарын аяныхаа хүрээнд эрүүл мэндийн хэрэгцээнд нийцсэн өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай эмээр иргэдээ хангах, эмчийн зааврын дагуу хэрэглэх, эмч нарыг жор бичүүлж хэвшүүлэх, эм зүйч нарыг жороор эм олгож хэвшүүлэх зэрэг олон ажил өрнүүлэх аж. Мөн тус газрынхан эмийн идэвх тодорхойлдог лабораторитой болсон учир антибиотокуудыг шинжилж, нэн шаардлагатай, эмчилгээний идэвх өндөртэйг нь үлдээгээд бусдыг нь зах зээлээс татаж авахаар зэхжээ.