Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ц.Шаравдорж, тус газрын Хууль эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн дарга Л.Сангирагчаа болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мөнхтөр нарыг өнөөдөр хүлээн авч уулзаж, санал солилцлоо.
Байнгын хорооны дарга Ж.Батзандан уулзалтын эхэнд иргэдийн өргөдөл, гомдолд мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн хяналт, шалгалтын талаар тодруулах асуултуудаа танилцуулав. Тухайлбал, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн хаягдал шавараас цагаан нунтаг салхинд босч иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, эрүүл мэндээрээ хохирч байгаа гомдлыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн иргэд ирүүлсэн байна. Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хууль эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн дарга Л.Сангирагчаа тайлбар хийхдээ, цагаан тоосны тухайд “Эрдэнэт” үйлдвэр дээр 2016 оны авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төсөл хэлэлцэгдэж байгаа. Энэхүү арга хэмжээний төлөвлөгөө бэлэн болмогц бид албан ёсоор танилцуулах болно гэлээ.
Дараа нь, Ерөнхий боловсролын сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөрийн дагуу сурагчдад өгч буй цай, хоолны эрүүл ахуй, чанарын шаардлага, хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын асуудлаар иргэдээс ирүүлсэн гомдлын тухай хэлэлцэв. Энэ талаар албан хүмүүс хэлэхдээ, бид жилд хоёр удаа шалгалт хийдэг гээд энэ талаар холбогдох албаны хүмүүст сургалт зохион байгуулсан. Сонгон шалгаруулалтын хувьд эрх нь тухайн аймаг, сум, дүүрэгт байдаг учир бидний зүгээс нэгдсэн дүгнэлт гаргаж анхааруулах зүйл дээр ажиллах болно хэмээлээ.
Түүнчлэн орон сууц борлуулалтын талбайн хэмжээг гадна ханаас авах, эсхүл нийтийн эзэмшлийн талбайг нэгжийн үнэд оруулсан талаарх өргөдөл, гомдол тус байнгын хороонд олноор ирүүлж буй талаар тодруулахад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мөнхтөр, эдгээр болон бусад асуудлаар иргэдэд шуурхай мэдээлэл өгч, шийдвэрлэх хүрээнд “Шилэн цонх” нээхээр ажиллаж байна гэлээ.