Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутаг дахь Тэгшийн аманд алт олборлож буй “Оргил моунт” ХХК-д холбогдох хэргийг нийслэлийн Прокурорын газраас хянаад Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ.
Тус компанийг Байдраг, Мандал голын уулзварт алт олборлохдоо цөөнгүй хууль бус үйлдэл хийсэн гэж эсэргүүцэн, сумын удирдлагууд болон ард иргэд хууль хяналтын байгууллагад хандаад байсан юм.
Гэвч уг асуудлыг төрийн байгууллагууд, хууль хяналтынхан нэгээс нөгөө рүүгээ “шидэж”, шийдтэй хариу өгөлгүй өдий хүрсэн. Эцэст нь прокурорынхны мэлмий, сонорт хүрч, “Энэ бол байгаль орчны тухай хууль тогтоомж зөрчсөн жирийн нэг хэрэг бус. Төрийн албан хаагчид албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэг байх магадлалтай тул дахин шалгах хэрэгтэй” гэсний ачаар хэрэг нэг тийш шийдэгдэх бололтой.
Урьд нь энэ асуудлыг Авлигатай тэмцэх газрынхан ЦЕГ-ын Мөрдөн байцаах газарт шилжүүлж байв. Харин эдүгээ буцаад АТГ-т ирчихэв. Одоо асуудалд бодитой хандаж, шударгаар шийдэх л үлдлээ.
“Оргил моунт” ХХК байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлангаа хэзээ, ямар компаниар гаргуулж, хэн гэдэг албан тушаалтнаар хянуулсан тухай болон уулын ажлын төлөвлөгөө, ус ашиглах дүгнэлтээ хуулийн дагуу батлуулсан, эсэх нь тун эргэлзээтэй байгаа талаар манай сонин удаа дараа хөндөн дугаар сарын 24-нд “Байдраг, Мандалын голыг багалзуурдах төлөвлөгөө илрэв үү” нэртэй нийтлэлээрээ хуулбар тайланг баталгаажуулан, гарын үсэг зурснаа хүлээсэн албан тушаалтнуудын тухай бичсэнийг уншигчид санаж буй биз.
Ямартай ч нутаг усанд нь хууль бусаар алт олборлож буй компанийн үйл ажиллагааг эсэргүүцсэн ард иргэдийн гомдлын мөрөөр эрэн сурвалжилсан бидний ажлын үр дүн гарна гэж найдъя.
Л.ГАНЧИМЭГ