Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэн, 450 мВт хүчин чадалтай цахилгаан станц барихаар болсон. Уг төслийн гадаадын хөрөнгө оруулагчаар Японы “Марубени” корпорац шалгарчээ. Үе шаттай сонгон шалгаруулалт хийсний дүнд, “Тавантолгой цахилгаан станц” төслийн Удирдах хороо өнгөрсөн сарын 28-нд хуралдан ийнхүү шийдвэрлэжээ.
Уг явцад олон улсын аудитын “Делоитт онч” компани хөндлөнгийн хяналт тавьж ажилласан байна. Цахилгаан станц барихад нэг тэрбум орчим ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо бий. Нийт хөрөнгө оруулалтын 30 хувийг хөрөнгө оруулагчид гаргаж, үлдэх хувийг олон улсын зах зээлээс босгох юм.
Энэхүү мега төслийг хэрэгжүүлснээр “Оюутолгой” төсөлд гадаадаас худалдан авч буй эрчим хүчийг дотоодоос хангах учиртай.
Мөн Төвийн бүсийн эрчим хүчний хангамжинд дэмжлэг болох, эрчим хүчний нүүрс, кокс болон угаасан нүүрснээс үлдэх хаягдлыг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох зэрэг ач холбогдолтой аж.
Эргэн сануулахад, тус төслийн гадаадын хөрөнгө оруулагчийг сонгохоор 2013 оны долдугаар сард дэлхийн нэр хүндтэй, бие даан эрчим хүч үйлдвэрлэгч 25 компанид санал хүргүүлж байв. Тэдгээрээс 10 нь төсөлд оролцох сонирхлоо илэрхийлсэн бол дөрөвт нь техникийн болон арилжааны ажлын даалгавар хүргүүлж байжээ.
Монгол Улсын Засгийн газар Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн, томоохон цахилгаан станцыг дотоод, гадаадын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барихаар шийдвэрлэн, Эрчим хүчний яамны дэргэд төслийн нэгж байгуулан 2013 оноос үйл ажиллагааг нь эхлүүлсэн.
Тус төслийн нэгж уг станцын байгаль орчин, нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээ, нүүрс, ус, агаарын чанар, цахилгаан дамжуулах агаарын шугам, станцын усан хангамжийн шугам хоолой, үнсэн сангийн нөөц газар зэрэг холбогдох 20 гаруй судалгаа, бас Эрчим хүч худалдах, худалдан авах, Хөрөнгө оруулалтын, Хувьцаа эзэмшигчдийн, Нүүрс, Ус нийлүүлэх, Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ зэрэг 15 гэрээний төсөл буюу нийт 5000 гаруй хуудастай, олон улсын стандарт хангасан баримт бичиг боловсруулж дуусгажээ.
1949 онд байгуулагдсан “Марубени” корпорац эрчим хүч, дэд бүтэц, аж үйлдвэрийн машин, ложистик, үл хөдлөх хөрөнгө, барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг.
Тус корпорац Токио, Нагоягийн хөрөнгийн биржид бүртгэлтэй бөгөөд дэлхийн 22 улсад 34.870 мВт суурилагдсан хүчин чадал бүхий цахилгаан станцуудад хөрөнгө оруулсан, ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг томоохон үйлдвэрлэгч аж. Станцыг 2017 онд барьж эхэлбэл 2020-2021 онд ашиглалтад оруулах боломжтойг төслийн нэгж өмнө нь мэдээлж байв.
Ц.БОЛОРМАА