“Алтжин” группийн эзэн Г.Алтан арилжааны банк байгуулах материал бүрдүүлэн Монголбанкнаас зөвшөөрөл авахаар хандсаныг эх сурвалж дуулгалаа. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын банк гэх нэртэй тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийг Г.Алтан даргалах бол Д.Баатаргэрэл, Г.Буянжаргал, Н.Мянганбаяр, Чан Кван Хунг нар бүрдүүлэх юм байна.
Г.Алтанг арилжааны банк байгуулахаар зөвшөөрөл хүслээ гэх мэдээлэл дөрвөн жилийн өмнө цацагдаж байсан удаатай. Тэрбээр Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын банк байгуулах төслөө хэрэгжүүлэхээр дахин ажиллаж эхэлсэн нь энэ аж.
Н.Золжаргал Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдсоноосоо хойш “Бодь капитал” компанид “Богд” банк байгуулах зөвшөөрөл олгосон. Г.Алтанд зөвшөөрөл олговол Монголын санхүүгийн зах зээлд 15 банк үйл ажиллагаа явуулах юм.
Арилжааны банк байгуулахад 16 тэрбум төгрөгийн дүрмийн сантай байх, сайн засаглал бүрдүүлэх зэрэг өндөр шалгуур тавьдаг.
Т.ЭНХБАТ