Өчигдөр буюу Даваа гарагийн өглөө нэгэн хар хувцастай эмэгтэй Москвагийн баруун хойд хэсгийн Октябрское Поле метроны буудлын ойролцоо хүүхдийн тасалсан толгой бариад ямар нэг зүйл уншиж, орилж байсан хэрэг гарлаа.
Тэрээр өөрийгөө болон тус метроны буудал орчмыг дэлбэлэх болно хэмээх сүрдүүлгийн шинж чанартай зүйл хэлж байсан бөгөөд цагдаа нар ирж баривчилсан байна.
Уг эмэгтэй 39 настай Узбекистаны иргэн Гулчехра Бобокулова гэгч байсан бөгөөд ОХУ-д хууль бусаар оршин сууж нэгэн айлд хүүхэд асрагч хийдэг байжээ.
Г.Бобокулова Настя нэртэй 3-4 настай охины толгойг тасалж амийг нь хороосныхоо дараа гэрт нь гал тавьсан болохыг гал сөнөөгчид Октябрское Поле метроны буудлын ойролцоох орон сууцанд гарсан галыг унтраахдаа олж илрүүлжээ.
Асрагч эмэгтэй нь мансуурлын байдалтай байсан ба “би ардчиллыг үзэн яддаг, би бол террорист, би амиа золиослогч, удахгүй би үхэх болно, дэлхийн төгсгөл ирлээ” гэх заналхийлсэн үгнүүдийг хэлж байжээ.
Цагдаа нар метроны буудлын ойролцоогоос ямар нэг тэсрэх бодис олоогүй байна. Гэхдээ охины гэрийг шатаахдаа тэсрэх бодис ашигласан ул мөр олджээ. Асрагч эмэгтэй яагаад ийм хэрэг үйлдэх болсон нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
