“Зика” вирус нь мэдрэлийн хамгийн хүнд өвчнүүдийн нэг болох “Гийена-Барре” өвчнийг үүсгэдэг болохыг шинэ судалгаагаар нотолжээ. “Зика” вирусийн өмнөх тархалтын үеэр халдвар авсан 42 өвчтөний цуснаас дээж авч, судалгаа хийсэн бөгөөд уг вирусийн халдвар авснаас 6 орчим хоногийн дараа мэдрэлийн эмгэг үүсэж байсан гэж судлаачид мэдэгджээ.
Төв болон Өмнөд Америкт шумуулаар дамжин тархдаг уг халдварыг авснаар жирэмсэн эхийн урагт нөлөөлж, тархины гажигтай хүүхэд олноор төрөх болсон билээ. Шинжээчид өөр бусад өвчний эх үүсвэр болж байгаа эсэхийг судалсаар байгаа юм.
“Гийена-Барре” эмгэг нь булчин сулруулдаг бөгөөд ноцтой үед нь амьсгал боогдож, яаралтай тусламж авах шаардлагатай болдог ажээ.
“Зика” вирусийн халдвар авсан 4000 хүн тутамд нэг “Гийена-Барре” эмгэгтэй хүн байх магадлалтай гэж таамагласан байна.
"Зика"-тай өвчтөнүүдийн биеийн байдал, “Гийена-Барре” эмгэгтэй хүнээс илүү хурдан муудах хандлагатай боловч өвчний хүнд үеийг давсны дараа хурдан эдгэрэх боломжтой гэж Парис хотын Пастер хүрээлэнгийн профессор Арнауд Фонтанет мэдэгдэв.
Дээр дурдсан 42 өвчтөн бүгд амьд байгаа боловч тэдний зарим нь халдвар авснаас хэдэн сарын алхаж чадахгүй болсон байна.