Сирийн нийслэл Дамаск хотоос урагш 110 км зайтай газар оршдог Дераа мужид босогчдын томоохон бүлэглэл гал зогсоох тухай гэрээ хэрэгжиж эхэлснийг ашиглан зэвсгээ хураалгажээ. Тус мужийн захирагч Мухаммед Халед аль-Ханнусийн мэдэгдэж буйгаар омгийн ахлагчийнхаа санаачилгаар гэмт бүлэглэлийн 1200 гишүүн даваа гарагт эрх баригчдад бууж өгсөн байна.
Бууж өгсөн босогчдын дийлэнх нь Абтаа суурингийн оршин суугчид бөгөөд тэд бүгдээрээ мужийн дотоод хэргийн байгууллагуудад шалгуулсныхаа дараа энгийн амьдралдаа эргэн орохыг зөвшөөрчээ.
Мужийн захирагчийн хэлснээр, “Энэ нь Сирийн арми өмнөд фронтод ялсны шууд үр дагавар юм. Ойрын өдрүүдэд бид үндэсний зөвшилцлийн үйл явцын хүрээнд шинэ хэлэлцээ хийхээр төлөвлөж байна” хэмээн онцолжээ.
Сирийн чөлөөт арми гэж нэрлэдэг босогчдын бүлэг байлдааны ажиллагаагаа хоёрдугаар сарын 27-ноос зогсоохыг зөвшөөрчээ. Дера мужийг түр эвлэрэх гэрээ хэрэгжиж байгаа “ногоон бүсэд” оруулсан байна. “Жебхат ан-Нусра” бүлэглэлийн алан хядагчид түр эвлэрэх гэрээг тасалдуулахыг оролдсон боловч бүтэлгүйтжээ.